ЭНТЕРОВИРУСЫН ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Хаврын улирал шар усны үер болон хөрсний бохирдолтой холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна.

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оноос 42, сүүлийн 5 жилийн дунджаас 66 тохиолдлоор их байна. Гар, хөл, амны өвчин буюу агаар дусал, ам, өтгөн, ахуйн хавьтлаар дамжин халдварладаг энтеровирусын гаралтай өвчний үед хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг. Цочмог халдварт энэ өвчний 90 хувь нь хөнгөн хэлбэрээр тусдаг бол 10 хувь нь хүндэрдэг байна. Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул Халдварт өвчин судлалын төвөөс бага насны хүүхдийн гарын ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө.

Б.Хулан