Монгол улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийн 159 орноос 53-т жагсаж байна

-Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн-

Дэлхийн банкнаас “Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанаас монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцлөөр хязгаарлагдах, саад бэрхшээлтэй тулгарч байгааг онцолжээ. Тодруулбал, манай хөдөлмөрийн зах зээлд дэх жендэрийн тэгш бус байдал нь ажиллах хүчний оролцоо, цалин хөлсний ялгаа, эмэгтэйчүүд баталгаагүй, албан бус хөдөлмөр эрхлэх хандлага их байгаагаас үүдэж байгааг дүгнэжээ.

Монгол улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийн 159 орноос 53-т жагсаж байна. 1996-2015 оны хооронд ажиллах хүчний оролцооны жендэрийн ялгаа 4.8-12.6 хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Судалгааг танилцуулах үеэр Монгол улс дахь дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Хөдөлмөрийн зах дээл дээрх жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар хөдөлмөрийн зах дээлийн эерэг дүнд хүрэх юм. Өөрөөр хэлбэл хүн амын тэн хагасыг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжиж бусад нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнд хүрч болох юм. Энэхүү чанарын судалгаа нь өмнө нь байсан тоон мэдээлэл дээр тулгуурлан жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг тодруулах, асуудлыг арилгахад ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ гэдгийг авч үзсэн байгаа.” хэмээн онцолсон юм.

Үүнээс гадна ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс үргэлж доогуур байна. 2015 онд эрэгтэйчүүд дунджаар сард 856.000 төгрөгийн цалин авч байсан бол эмэгтэйчүүдийнх 12,5 хувиар бага буюу 760.700 төгрөг байжээ.

-Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын зөвлөмжүүд гарлаа-

Эдгээр судалгаанд үндэслэн дээрх тэгш бус байдлыг шийдвэрлэх талаар санал зөвлөмжүүдийг гаргасан байна. Тухайлбал, ахмад настан, хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн тоо, хэмжээ чанарыг сайжруулснаар ялангуяа хөдөө орон нутагт олон эмэгтэйчүүд ажлын байраа хадгалж үлдэхэд түлхэц өгнө гэж үзжээ.

Мөн чанарын судалгаанаас гарсан бодлогын зөвлөмжүүдийг зарим харьяа байгууллагт хүргүүлсэн байна. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хууль эрхзүйн ялгаатай заалтуудыг арилгах, ижил үнэлэмжтэй ажилд ижил цалин хөлс олгох шаардлагыг хуулинд оруулах, хагас цагаар ажиллах, гэрээсээ ажиллах болон уян хатан ажлын цагтай ажлуудыг дэмжих зэрэг зөвлөмжүүдийг Засгийн газар, УИХ, Жендэрийн үндэсний хороо, ХНХЯ-нд хүргүүлжээ.

Б.Хулан