100 байршилд “Дэд бүтцийн төв”-ийг барьж гэр хорооллын 20.000 айлыг холбоно

Нийслэлийн гэр хорооллыг 2030 он хүртэл 3 бүсчилж хөгжүүлэх бодлогын хүрээнд гэр хорооллын хоёрдугаар бүс буюу амины орон сууцын бүсийг тодорхойлсон байдаг. Энэ бүсэд инженерийн шугам, сүлжээ очих боломжгүй байршлуудад “Сервис центр” буюу инженерийн дэд бүтэц бүхий төвийг байгуулахаар болсон. Одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, ажил нь эхэлсэн талаар нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.

“Сервис центр”-ийг 200-300 өрхийн дунд нэгийг байгуулахаар тооцсон байна. Ингэснээр иргэдийн газрыг авахгүйгээр нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг гэр хорооллын дэд бүтцийн газраас онцолж байна.

Энэ жилийн хувьд нийслэлээс “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөлд таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн БОАЖЯ, болон БХБЯ-аас тус бүр нэг дэд бүтцийн төвийг санхүүжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд 2021 он гэхэд 100 ширхэг дэд бүтцийн төвийг барьж нийт гэр хорооллын 20 000 айлыг дэд бүтцэд холбох юм.

Б.Хулан