1983 оноос хойш “Монгол үсгийн дүрэм” өөрчлөгдөөгүй

Монголчууд бид 77 жилийн өмнөөс орос үсэг дээр тулгуурласан кирил бичгийг авч хэрэглэх болсон. Түүнээс хойш 1983 оныг хүртэл кирил үсгийн дүрмийг засч сайжруулсаар иржээ. Харин 1983 онд Б.Осор болон Ц.Дамдинсүрэн нарын монгол үсгийн дүрмийн толь хэвлэгдсэн байдаг.

Энэ дүрмийн толины хавсралтад байх “Монгол үсгийн дүрэм”-ийг өнөөг хүртэл албан ёсоор дагаж байгаа. Энэ хугацаанд олон нийтийн зөв бичих дүрмийн мэдлэг дутуугаас зарим үгсийг өөр өөрөөр бичиж хэвшсэнээс Монгол үсгийн дүрэм өөрчлөгдсөн гэх ташаа мэдээлэл гарах болсон. 2012 онд 700 үг журамласан байдаг ч энэ нь үсгийн дүрэмтэй холбоотой бус тухайн үгийн үндсийг бичихтэй холбоотой гарсан шийдвэр гэдгийг хэл бичгийн ухааны доктор Ж.Ганбаатар тайлбарласан юм.