Гадны иргэд зөвшөөрөлгүйгээр гоо заслын эмчилгээ, сургалт явуулжээ

-НМХГ:56 эмнэлгээс 22 нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй –

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 56 эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт , шалгалт явуулсан байна. Шалгалтаар гадаадын иргэд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагааг явуулах, зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг ашиглах зэрэг зөрчлүүд илэрчээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон гоо заслын эмнэлгүүдэд Япон, Солонгос улсын иргэд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мэсгүй гоо сайхны үйлчилгээ, нүүр өргөх, бие галбиржуулах био утас суулгах практик сургалт явуулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шалгалтаар гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг 7 эмнэлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Мөн эмнэлгүүдээс 215 дээж авч нян судлалын шинжилгээнд өгөхөд 22 эмнэлэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарчээ.

Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон хадгалалтын горимыг зөрчсөн нөхцөлд хэрэглэж байгаа тохиолдол илэрсэн байна.

Мөн хумс заслын үйл ажиллагаа явуулж байгаа гоёлын гоо сайхны газрууд багаж хэрэгслээ ариутгахгүй үйлчилгээ үзүүлж байгаа талаар иргэдээс гомдол ирдэг. Энэ талаар НМХГ-ын газраас тодруулахад гоёлын гоо сайхны газруудад хумс засах үйлчилгээнд орон даяар тандалт судалгааг хийж дүн мэдээгээ нэгтгэж албан ёсоор олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бус орлого, нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчлийн хэрэг үүсгэж, хоёр эмнэлгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохоор прокурорын газар хүргүүлсэн байна.

Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй мөртлөө “Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Тиймээс иргэдийг эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын зааг ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэхийг НМХГ-аас зөвлөж байна.

Б.Хулан