“Дахин тэвчихгүй” хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулагдана

Сайн дураараа нэгдсэн ээжүүдийн санаачилгаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна. Тэд улс төрийн ямар нэгэн эрх ашиг агуулсангүй, харин эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж, хүүхдийг хүчирхийлсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагыг эрх баригчдад хүргүүлэхээр болжээ.

Учир нь өнгөрөгч онд бэлгийн хүчирхийлэлд 198 хүүхэд өртсөн нь долоон ангийн анги дүүрэн хүүхэд хүчирхийлэлд өртсөнтэй тэнцэж байна гэж олон нийтийн байгууллагын төлөөлөл харамсалтай мэдэгдэж байсан. Тэр дундаа зочид буудалд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 357-д хүрч үүний дотор “Очир” төвд амиа алдсан охины харамсалтай хэрэг мартагдаж амжаагүй байхад, энэ сарын дундуур Дорноговь аймагт нэг ой 8 сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарлаа. Энэ мэтээр нийтэд мэдэгдсэн, хаалттай хаалганы цаана чимээгүй өнгөрсөн гэмт хэргүүд цуварч байна. Тиймээс сайн дурын байгууллагын гишүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл дахин давтагдаад байгаа гэмт хэргийг бууруулахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэдэг заалтыг бүх насаар нь болгож өөрчлөх, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, эрүүгийн хуулийн 12.5-ыг эргэн харах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс энэ сарын 31-нд эхний ээлжинд тайван жагсаал зохион байгуулж, улмаар иргэдээс цуглуулсан гарын үсэгтэй хавсарган, 4-р сарын 2-ны даваа гарагт шаардлага ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрэв шаардлага биелэгдэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулагчид мэдэгдсэн юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn