2017 онд төрийн өмчит компаниуд 850 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Монгол улсын засгийн газар төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах бодлого баримталж байгаа. Тэгвэл Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 2017 оны жилийн эцсийн тайлан гарчээ.

  1. 2016 онд 379 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан ТӨК-ууд 2017 онд 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
  2. Тодруулбал 2016 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 45 хувь нь ашигтай ажиллаж байсан бол 2017 онд дүнгээр 72 хувь нь ашигтай ажиллажээ. Үүн дотор олон жилийн туршид алдагдалтай ажиллаж ирсэн томоохон компаниуд анх удаагаа ашигтай ажилласан тохиолдол ч байгаа юм. Жишээ нь: МИТА компани 50 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол Эрдэнэс монгол компани 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
  3. Компаниуд ашигтай ажиллаад зогсохгүй томоохон өр төлбөрөө бууруулж чадсан байна. 2016 оны жилийн эцсээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас төрийн өмчит 8 хуулийн этгээд, 1 төслийн нэгж 1 их наяд 85 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол үүнийгээ 2017 оны жилийн эцсээр 787 тэрбум төгрөг буюу 27,4 хувиар бууруулжээ.

Байгуулагдсан цагаасаа хойш бүтэн 10 гаруй жил нэг ч төгрөгийн ашигтай ажиллаж байгаагүй Эрдэнэс монгол компани ашигтай ажилласнаас авахуулаад Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 2016 оноос 11 дахин их ашигтай ажилласан гээд олон жишээг дурдаж болохоор байна. Компаниуд ашигтай ажиллахад үндсэн 2 хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт дэлхийн зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн, 2 дугаарт засгийн газраас үргүй зардлуудыг бууруулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хориглох, гүйцэтгэх удирдлагуудтай нэг жилээр гэрээ хийх зэрэг тогтоолын хэрэгжилтийн үр дүн гэж дүгнэж байна. Хэдийгээр нийт дүнгээрээ ТӨК-ууд ашигтай ажилласан ч алдагдалтай ажилласан цөөнгүй компани байгаа юм.

Мөн нийгмийн хариуцлага хагас хүлээгдэг гэх Авто зам засвар арчлалтын компаниудын цөнгүй нь алдагдалтай ажиллажээ. Тэгвэл цэвэр ААН чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 7-8 ашиггүй ажилласан компани байгаа. Цаашид үр ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгах, нэгтгэх, удирдлага менежмент зохион байгуулалтын өөрчлөлт хийх зохицуулалтыг хийх юм байна.

Төр муу менежер биш харин хяналт, хариуцлагын тогтолцоо өнгөрсөн жилүүдэд байхгүй байсан нь шахааны бизнес цэцэглэсэн, ашиггүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байсан болж таарч байна.

Ч.Дэлгэрцэцэг