Малчид тэтгэвэр тогтоолгохын тулд мал малласан хугацаагаа нотолж чадахгүй байна

Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулсан хуулийн заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн хүрээнд энэ онд 13.500 орчим малчин тэтгэвэр тогтоолгоно гэсэн урьдчилсан тооцоог салбарын яамнаас гаргасан. Тэгвэл он гарснаас хойш 50 нас хүрсэн эмэгтэй, 55 нас хүрсэн эрэгтэй 1000 орчим хүн малчны тэтгэвэр тогтоолгожээ. Дээрхи насны болзол хангасан малчид 20 жилийн хугацаанд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Тэр дундаа эмэгтэйчүүд 12 жил 6 сар, эрэгтэйчүүд 15 жилийн хугацаанд нь мал малласан байхыг хуулийн заалтад тусгажээ. Харамсалтай нь мал маллаж байсан тухай нотлох баримт хангалтгүйгээс малчдын тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тоо бага үзүүлэлттэй байна. Тэгвэл НДЕГ-аас малчдад зориулсан журам боловсруулсан. Уг журамд:

-Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Архивын лавлагаа, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн тогтооно.

-Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно гэжээ. Үүнээс гадна малчин байсан гэдгээ хөдөлмөрийн дэвтрээр нотлож, холбогдох материалаа бүрдүүлж, малчны тэтгэвэр авах хүсэлтээ илэрхийлснээр харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандах юм байна.

Малчны тэтгэвэр тогтоолгохын тулд бүрдүүлэх материалын жагсаалт:

Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;

Нийгмийн даатгалын дэвтэр;

Иргэний үнэмлэхний хуулбар;

Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;

Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;

Үндэсний статистикийн хорооны “мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;

Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны засаг даргын тодорхойлолт;

Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;

1995 оноос хойш нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт нь зохих журамд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно. Одоогоор нийгмийн даатгалын хэлтсүүдээс 10.000 орчим иргэн малчны өндөр насны тэтгэвэртэй холбоотойгоор зөвлөгөө авчээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn