ВЕНУС УИЛЬЯМС “МАЙАМИ ОПЕН”-Ы ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ

Чансааны 1000 оноо, 1.3 сая америк долларын шагналтай “Майами Опен” тэмцээний шөвгийн наймд алдарт Венус Уильямс дэлхийн чансааны 93-т эрэмбэлэгдэж байгаа Америк теннисчин Даниель Коллинст хожигдсон байна. Өдгөө 37 настай Венус чансаанд наймд бичигдэж байгаа. Тэрээр өөрөөсөө 13 насаар дүү нутгийнхаа теннисчинд 6:2, 6:3-аар хожигджээ. Венус энэ тэмцээнд 1998-2001 оны хооронд гурван удаа түрүүлж байсан юм. Тэр дунд 1999 оны финалд дүүгээ хожиж байлаа. Харин түүнээс хойш Серена найман удаа энэ тэмцээний аваргаар тодорсон. Гэхдээ Серена энэ жил эхний тоглолтондоо л хожигдож тэмцээнийг орхисон билээ. Венус Уильямс хамгийн сүүлд 2010 онд энэ тэмцээний финалд шалгарч байсан юм.

Урьдчилсан сонгон шалгаруулалтаас долоо дахь ялалтаа байгуулсан Даниель Коллинс анх удаа дэлхийн чансааны эхний 10-т багтсан теннисчинг хожсон тохиолдол энэ байлаа. Одоо тэрээр хагас шигшээд чансааны зургаад эрэмблэгдсэн Латвийн залуу теннисчин Елена Остапенкотой тоглоно.

ЖОН ИСНЕР ХОЁР ДАХЬ УДААГАА “МАЙАМИ ОПЕН”-Ы ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАВ

Харин Майами Опены эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтонд зохион байгуулагч Америкчуудын сүүлийн болоод гол найдвар Жон Иснер шөвгийн наймд БНСУ-ын теннисчин Чун Хёнтой тоглож 6:1, 6:4-өөр дараалан хожжээ. Дэлхийн чансааны 17-д эрэмблэгдэж байгаа Иснер цаг есөн минутанд өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Өдгөө 32 настай, 2 м 8 см нуруутай Америк эр 13 удаа давуулалтаар оноо авсан. Хоёр теннисчний дөрөв дэх халз тоглолт, ялалтын харьцааг Иснер 3:1-ээр тэргүүлж байна. Жон Иснер замналдаа өмнө нь нэг л удаа Майами Опены шилдэг дөрөвт шалгарч байсан юм. Одоо тэрбээр Хуан Мартин Дел Потротой хагас шигшээ тоглолтыг хийнэ.