ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИЛДЭГ ДӨРВӨН БАГ ТОДОРЛОО

Хөл бөмбөгийн клубуудын эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шөвгийн наймд таарсан Испанийн “Барселона”, Францын “Лион” багууд хариу тоглолт 1:0-ийн харьцаатай өндөрлөж нийлбэр дүнгээр 3:1-ийн харьцаатай “Олимпик Лион” хагас шигшээд шалгарлаа. Хоёр багийн эхний тоглолтонд 2:1-ээр Францын баг талбайдаа хожиж байлаа. Тоглолтын 61 дэх минутанд Ежение Ле Соммер тус хожлын гоолыг оруулсан юм. Эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлсэн хамгийн өндөр амжилттай хоёр клуб байдгийн нэг нь “Лион”. Ялангуяа тэд энэ жил гурав дахь жилдээ дараалан түрүүлэхээр өрсөлдөж байгаа.

“ОЛИМПИК ЛИОН”-Ы ДАСГАЛЖУУЛАГЧ РЕЙНАЛД ПЕДРОС:

“Бид энэ тоглолтонд гоол оруулахад л тэдэнд хүнд байдал үүсэх байлаа. Гэхдээ бид тийм ч олон гоолын боломж гаргаж чадаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэсэн ч бид тоглолтыг сайн удирдсан. Тэд гоол оруулсан бол талбайдаа алдсан гоолын зөрүүгээр давуу талтай болох байлаа. Гэвч бид тийм боломж олгосонгүй.”

Одоо “Лион” клубынхэн хагас шигшээд Английн Манчестер ситигийн эсрэг тоглоно. Өнгөрсөн улирал мөн хагас шигшээд “Лион”, “Манчестер сити” багууд таарч хариу тоглолтонд Францын баг 1:0-ээр хожигдсон ч нийлбэр дүнгээр 3:2-оор ялж байлаа. Харин “Барселона” клубын баг өнгөрсөн улирал хагас шигшээд хүрч түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа гаргаж байлаа.

“ОЛИМПИК ЛИОН”-Ы ДАСГАЛЖУУЛАГЧ РЕЙНАЛД ПЕДРОС:

“Би “Барселона”-гийн өнгөрсөн улирлын тухай бодоогүй. Гол анхаарлаа өөрийнхөө багтаа хандуулсан. Мэдээж өрсөлдөгчид маань энэ улирал ч гайхалтай байна. Сайн үр дүнтэй, сайн тоглож байгаа. Би ч сайн тоглож байгааг нь харж байна. Өнгөрсөн жил тэд хагас шигшээд шалгарсан. Харин энэ жил бид шөвгийн наймд тэднийг яллаа. Гэсэн хэдий ч тэднийг цаашдаа Европын шилдэг багуудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.”

“Барселона” өнгөрсөн улирлын аваргуудын лигт зургаан тоглолтонд 13 гоол оруулж ганцыг алдсан үзүүлэлттэй шилдэг дөрөвт шалгарч байсан бол энэ улирал өмнөх хоёр шатны дөрвөн тоглолтонд 15 гоол оруулан гоол алдаагүй байсан юм.

“БАРСЕЛОНА”-ГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ФРАН САНЧЕЗ:

“Гол нь тэднийг гоол оруулах боломжийг олгохгүй зорилготой байлаа. Мөн зэрэгцээд бид гоол оруулах төлөвлөгөөтэй тоглосон. Гэвч харамсалтай нь тэд зорьсондоо хүрч, нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Бид төлөвлөгөөгөө биелүүлж чадсангүй. Хэрвээ бид гоол оруулсан бол бүх зүйл сайхнаар эргэх боломж дүүрэн, бидэнд хоёр ч гоолын сайхан боломж гарсан.”

“Барселона”-гийн эмэгтэй баг дотоодынхоо лигт тэргүүлэгч “Атлетико Мадрид”-аас ганц оноо дутуу хоёрт, харин “Лион” клуб Францын лигийг тэргүүлж байгаа юм.

“БАРСЕЛОНА”-ГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ФРАН САНЧЕЗ:

“Бид хоёр тоглолтын аль алинд нь сайн байлаа. Харамсалтай нь үр дүнгээр дараагийн шатанд шалгарч чадсангүй.”

 “БАРСЕЛОНА”-ГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ ЛИЕКЕ МАРТЕНС:

“Бид маш сайн хамгаалах ёстой гэдгээ мэдэж байлаа. Бас гоол оруулах хэд хэдэн боломжоо ашиглах ёстой байсан. Гэхдээ бид тийм ч олон боломж гаргаж чадаагүй. Үнэндээ яг гоолын боломж ч байсангүй. Гэхдээ “Лион”-ы эсрэг тоглох амаргүй л дээ. Тоглолт 1:0-ээр дууссан. Би одоо ч тэр гоол яг орсон эсэхэд эргэлзэж байна. Миний бодлоор бид хийх ёстой зүйлсээ сайн хийсэн, харин “Лион”-ыхон арай илүү байлаа.”

“БАРСЕЛОНА”-ГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ ВИКИ ЛОСАДА :

“Тэд боломжоо сайн ашиглалаа. Бид төлөвлөгөөндөө итгэлтэй байсан. Заримдаа азтай байх тохиолдол бий ч тэр азийг хайх чухал. Энэ бүхний дараа эргээд харахад бид дараагийн шатанд шалгарах гавьяатай. Ялангуяа ийм гоолоор хожигдож хасагдсандаа сэтгэл дундуур байна.”

“ОЛИМПИК ЛИОН”-Ы ТӨВИЙН ХАМГААЛАГЧ ГРИЕЖ МБОК:

“Ялалт байгуулахад маш хэцүү тоглолт байлаа. Ийм тоглолт тэр бүр болоод байдаггүй. Бид боломжоо ашигласан, аз тохиож гоол орлоо. Бид дахин гоол оруулж чадаагүй ч тэмцээнээ үргэлжлүүлэх болсон нь хамгийн чухал.”

“ОЛИМПИК ЛИОН”-Ы ЖИГҮҮРИЙН ТОГЛОГЧ АМЕЛ МАЖРИ:

“Хэцүү тоглолт байлаа. Ер нь эхний тоглолтонд тэд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Сайн ч тоглолоо. Гэхдээ бид 1:0-ээр яллаа шүү дээ.”

Мөн Английн “Челси”, Германы “Вольфсбург” багууд хагас шигшээд шалгараад байгаа. Хагас шигшээн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд болно.