Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болно

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болдог уламжлал тогтоод 7 жил өнгөрчээ. Өмнөх жилүүдийн энэ өдөр иргэд албан байгууллагынхаа гадна талбайд цуглардаг байсан бол энэ жилийн хувьд НИТХТ-ийн 94 дүгээр тогтоолоор баталсан болзошгүй гамшгийн үед иргэдийн түр цугларах 110 талбайд цугларч, дадлага сургууль хийнэ. Манай оронд сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлт 2-3 дахин ихэсчээ. Харин он гарснаас хойш хүнд мэдрэгдэм, 2,5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 13 удаа бүртгэгдсэн байна. “Тиймээс энэхүү дадлага, сургуульд иргэн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ бол иргэний үүрэг” гэдгийг ОБЕГ-аас онцоллоо. Сүүлийн жилүүдэд дадлага, сургуульд оролцогчдын тоо 30-40 хувь нэмэгдсэн байна. ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс 16.00 цагаас эхлэн улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульдаа оролцох юм байна. Иргэн та өөрийн ажил болон гэрийн ойролцоох аюулгүйн цэг талбайг энд-ээс харна уу.