БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун анхны айлчлалаа БНХАУ-д хийв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотод хүрэлцэн очиж, хятадын төрийн тэргүүн Си Зиньпинтэй уулзалт хийсэн тухай мэдээллийг лхагва гарагт БНХАУ-ын засгийн газар болон Хойд Солонгосын талаас албан ёсоор баталлаа. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд 2011 онд төрийн эрхэнд гарсан цагаасаа хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал нь энэ болж байна. Түүнчлэн гадны орны төрийн тэргүүнтэй биечлэн уулзсан анхны уулзалт нь болсноороо энэхүү айлчлал онцлог байгаа юм.

Хойд Солонгосын өмнөх удирдагчдын Бээжинд айлчлал хийх үедээ үргэлж буудаг байсан Дяоютай хэмээх буудалд Хойд Солонгосын өндөр дээд хэмжээний төлөөлөгч бууж, хатуу харуул хамгаалалтаар хүрээлүүлсэн байна гэсэн мэдээлэл мягмар гарагаас эхлэн газар авснаас үүдэн Xойд Cолонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд гэнэтийн, нууц айлчлал хийж байж магадгүй гэсэн таамаглалууд хөвөрсөөр байсан юм. Тэгвэл тус мэдээлэл ийнхүү батлагдаж нууц зочин Ким Жон Ун мөн болох нь тодорхой боллоо.

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пен Люань нар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг тэргүүн хатагтай Ри Соль Жү болон албаны төлөөлөгчдийнх нь хамтаар Бээжин дэх ардын их хурлын танхимдаа хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барьсан байна. Гэнэтийн айлчлалынхаа үеэр Ким Жон Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхих бодолтой байгаагаа илэрхийлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Ким Жон Уны хувьд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй ирэх 4-р сард, харин эртнээс таарамжгүй харилцаатай байсан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай ирэх 5-р сард цөмийн хөтөлбөрөө орхих асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа юм. Эдгээр түүхэн чухал уулзалтууд болох өдөр ойртож байгаатай холбогдуулан хамгийн том түнш улс болох БНХАУ-д айлчлал хийн, Хятадын удирдагч Си Зиньпинтэй уулзалтын талаар зөвлөлдөхөөр очиж магадгүй гэж үзэж байсан ажиглагчдын таамаг ийнхүү батлагдлаа.