Ховд аймагт өвөл хүйтэн, ширүүн уур амьсгалтай байсан ч цөөн тооны мал хорогджээ

Монгол Улсын засгийн газрын гишүүд баруун аймгуудад хийх албан томилолт Ховд аймгаар эхэлсэн. Тэгвэл албан томилолтын хүрээнд аймгийн хаваржилт, мал төллөлтийн нөхцөл байдалтай танилцжээ. Мал төллөлт одоогоор аймгийн хэмжээнд 30 орчим хувьтай байгаа юм байна.

Ховд аймгийн хэмжээнд энэ жил 3.4 сая толгой мал тоолуулсан бол харин Эрдэнэбүрэн сум 212 мянган толгой мал тоолуулжээ. Энэ өвлийн хувьд хүйтэн, ширүүн байсан ч харьцангуй малын хорогдол бага гарсан байна. Эрдэнэбүрэн сумын хэмжээнд энэ өвөл 91.4 мянган мал төллөхөөс одоогоор 6245 толгой мал төллөж, 100 хувь бойжиж байна. Тэгвэл ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан томилолт Эрдэнэбүрэн сумын сайн малчны хаваржаагаар үргэлжилсэн юм. Эрдэнэбүрэн сумын 3-р баг буюу Хонгио багийн малчин Л.Отгонбаяр гуайнх бог, бод нийлсэн 1500 орчим толгой малтай. Нутагтаа 1980-аад оноос мал маллаж аймаг, сумынхаа сайн малчин болжээ. Хэдийгээр энэ өвөл хүйтэн байсан ч мал ахуйгаа онд сайн оруулж, хаваржилтын нөхцөл сайн байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан томилолтын үеэр хуучилж байсан юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn