Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулснаар баруун бүсийг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой

Өдрөөс өдөрт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед дотоодын хэрэгцээг найдвартай хангах, хомсдолыг арилгахын тулд усан цахилгаан станц байгуулах шаардлага бий. Учир нь манай улсын баруун бүсийн аймгууд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 хувийг БНХАУ-аас импортоор тус тус авдаг бол, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний усан цахилгаан станцаас хангадаг байна. Харин Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт усан цахилгаан станц байгуулснаар баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах бүрэн боломжтой болох юм.

Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км зайд буюу Баянгол 1-р баг, хустын булаг гэх газар “Шижигтийн хавцал” бий. Энэ хавцал нь усан цахилгаан станц барихад хамгийн таатай нөхцөл бүрдсэн газар гэдгийг 1964 онд анх ЗХУ-ын Электросеть институт хийсэн судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл 2008 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр 250-280 сая ам.доллараар усан цахилгаан станц байгуулна гэжээ. Гэхдээ одоо ТЭЗҮ боловсруулаад 10 жил өнгөрсөн учраас дахин шинэчлэх шаардлагатай гэж холбогдох албаныхан үзэж байгаа. Мөн хэд, хэдэн засгийн газрын нүүрийг үзээд байгаа энэ ажлыг эрчимжүүлж, том төслүүдээ хөдөлгөх, усан цахилгаан станц байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун аймгуудад ажилласан албан томилолтынхоо үеэр онцолсон юм.

Баруун бүсийн аймгууд өнөөдрийн байдлаар 1 квт.цаг эрчим хүчийг ОХУ-аас 114 төгрөгөөр, БНХАУ-аас 285 төгрөгөөр тус тус худалдан авч, эрчим хүчээр хангагддаг. Энэ нь Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцтай харьцуулахад 6-7 дахин үнээр эрчим хүч нийлүүлж байгаа үзүүлэлт бөгөөд импортын эрчим хүчний үнийн зөрүүг хаахын тулд жил бүр улсын төсвөөс 7-8 тэрбум төгрөгийн татаасыг баруун бүсийн эрчим хүчний системд олгож байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар өртөг өндөр ч бүтээх баялаг ихтэй. Өөрөөр хэлбэл усан цахилгаан станцаас гарах 1 квт.цаг эрчим хүчний зардал 35-40 төгрөг байх бөгөөд хэрэглэгчдэд 150 орчим төгрөгөөр худалдаалах боломжтой. Мөн баруун бүсийн аймгуудыг найдвартай эрчим хүчээр бүрэн хангахаас гадна 250 орчим хүнийг ажлын байраар хангах юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn