ГЕРМАНЧУУДЫН 22 ТОГЛОЛТ ДАРААЛАН ХОЖИГДООГҮЙ ЦУВРАЛ ЗОГСЛОО

ХБНГУ-ын Берлин хотын Олимпын цэнгэлдэхэд дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман, таван удаагийн аварга Бразилын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ хоёр баг хамгийн сүүлд 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд тоглоход 7:1-ээр Германчууд хожиж, улмаар түрүүлж байсан билээ. “Манчестер Сити”-гийн довтлогч Габриел Жесүс тоглолтын 36 дахь минутанд сайхан боломжоо ашиглаж чадаагүй. Гэхдээ минутын дараа бразилчуудын довтолгоо амжилттай болсон юм. Уильяны хөндлөн дамжуулалтаас Габриел Жесүс мөргөж, Германы хаалгач Кевин Трапп хаасан ч бөмбөг хаалганы шугам давсан. Энэ бол тоглолтын цорын ганц гоол байлаа. Бразилчууд сүүлийн 10 тоглолтонд хожигдоогүй, долооо дахь ялалтаа байгуулав. Тоглолтын төгсгөлд Тони Кроос гоёмсог цохилт гүйцэтгэсэн ч Алиссон амжилттай хаасан юм. Ийнхүү Германчуудын 22 тоглолт дараалан хожигдоогүй цуврал зогслоо.