КЫЛИАН МБАППЕ ХОЁР ГООЛ ОРУУЛЖ ОРОСУУД ДАХИН ХОЖИГДЛОО

ОХУ-ын Санкт Петербург хотын Крестовски цэнгэлдэхэд Орос, Францын багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын эхэнд өнгөрсөн бямба гарагт Кемерова хотын худалдааны төвд гарсан галын улмаас амиа алдагсдад эмгэнэл илэрхийлсэн юм.

Тоглолтын эхний гоолыг Поль Погбагийн дамжуулалтаас Кылиан Мбаппе 40 дэх минутанд оруулсан юм. Өдгөө дөнгөж 19 настай, Парис Сэн Жэрмэйний довтлогч шигшээ багтаа оруулсан хоёр дахь гоол байлаа.

Эхний хагас 1:0-ийн харьцаатай Францын багийн хошуучлалаар өндөрлөлөө. Харин завсарлагааны дараахан Поль Погба чөлөөт цохилтоос онооны харьцааг 2:0 болголоо. 25 настай, Манчестер Юнайтедийн хагас хамгаалагч шигшээ багтаа энэ жилийн анхны, сүүлийн таван жилд ес дэх гоолоо орууллаа.

Өнгөрсөн бямба гарагт Бразилд 3:0-ээр хожигдсон гарааны бүрэлдэхүүнээс Алан Загоев тэргүүтэй таван тоглогч өөрчлөгдсөн ч үр дүн нэг их сайжирсангүй. Оросын баг энэ цэнгэлдэхэд ДАШТ-ий хэсгийн гурав дахь тоглолтоо Египтийн эсрэг хийх хуваарьтай байгаа. Тэд өнгөрсөн намраас хойш сүүлийн таван тоглолтонд хожоогүй, гурав дахь хожигдлоо хүлээж байгаа нь энэ. Гэхдээ энэ өдөр 68 дахь минутанд Фёдр Смолов 2:1 болгож тоог ойртуулсан. Игорь Смольниковын гайхалтай дамжуулалт байлаа. Оросын багийн сүүлийн тоглолтуудад тогтмол оролцож байгаа 28 настай Смолов шигшээдээ 30 тоглолтонд 12 дахь гоолоо орууллаа. Тэгвэл 83 дахь минутанд Блез Матюидигийн дамжуулалтаас Кылиан Мбаппе гоёмсог гоцлон тоглолтоор онооны харьцааг 3:1 болгосон. Энэ өдөр Оросын багаас Игор Акинфеев сэлгээнд сууж Зенитийн хаалгач Андрей Лунёв хаалгаа манасан юм. Энэ бол тоглолтын сүүлийн гоол байлаа. Өнгөрсөн долоо хоногт Колумбд 3:2-оор хожигдоод байсан Францчууд энэ жилийн эхний ялалтаа байгууллаа.