Сонгосон мэргэжилдээ дуртай байх нь амжилттай суралцах үндэс болдог

АШУҮИС-д 12.000 гаруй оюутан суралцаж байна. Харин бусад оюутнуудаа сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх зүтгэлээрээ манлайлсан 100 гаруй оюутанд сургуулийнх нь зүгээс урам зориг өгч, захирлын нэрэмжит тэтгэлэг гардуулжээ. Тэтгэлэг хүлээн авсан оюутнууд сонгосон мэргэжилдээ дуртай байх нь амжилттай, сайн суралцах хүч өгдөг хэмээн ярьж байлаа. Нэг хичээлийн жилд 2 удаа захирлын нэрэмжит тэтгэлгийг олгодог бөгөөд энэ удаа сурлагын онцгой амжилт үзүүлсэн 70, урлаг, спорт, нийгмийн идэвхтэй 10, нийгмийн халамж үзүүлэх шаардлагатай 22 оюутанд тэтгэлэг олгожээ. АШУҮИС 2014 оноос эхлэн манлайлагч оюутнуудад захирлын нэрэмжит тэтгэлэг өгдөг уламжлалтай болжээ. 4 жилийн хугацаанд сургуулийнхаа төсвөөс 650 гаруй оюутанд 550 гаруй сая төгрөгийн тэтгэлгийг олгоод байгаа аж. Цаашдаа ч оюутнуудынхаа хичээл зүтгэлийг үнэлж, сайн эмч бэлтгэх, сурлагын чанарыг сайжруулахын тулд энэхүү тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно хэмээн АШУҮИС-аас мэдээллээ.