Шүүгчдийг шалгуулна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шүүгч нарын авилга авч хууль бус шийдвэр гаргадаг асуудлыг хөндөн тавьсан. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнийг баримтаа ил болгохыг шаардсан. Энэ дагуу өнөөдөр Х.Нямбаатар гишүн нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар холбогдох материалуудыг АТГ болон Прокурорт өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ 2010-2012 оны хооронд Ашигт малтмалын лицензийг хууль зөрчиж сэргээх шийдвэр гаргасан болон хууль бус эвэлрэл баталсан нэр бүхий 22 шүүгчийг шалгуулахаар болсон байна. Мөн зөвхөн шүүгчид биш тэдний хамаарал бүхий этгээдүүдийг хамтатган шалгуулахаар болжээ. Хүчингүй болгосон лицензийн ихэнхийг нь лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэх шалтгаанаар эргүүлэн сэргээжээ. Жишээ нь Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэхэд Захиргааны хэргийн шүүх нь төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан гэх үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн энэ хууль бус практикт үндэслэн өөрөө дур мэдэн лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон гэлээ. 2010-2012 оны хооронд сэргээсэн 36 лиценз эзэмшигчдийн дунд “Оую толгой”, “Саус Гоби Сэндс”, “Бату Майнинг” зэрэг компаниуд байгаа юм байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Үүнээс хэд хэдэн зүйл ил болсон нь тэр бумын хадгаламжтай цөөнгүй шүүгч байгаагийн дээр тэр бумаар үнэлэгдэх орон сууцанд амьдарч байгаа олон шүүгч байгаа нь тодорхой болсон. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж байж тэрбум төгрөгтэй болно. Тиймээс шүүгчдийн хөвөнгүүдийн эх үүсвэрийг тодорхой болгож эргэлзээг тайлах ёстой гэж Х.Нямбаатар гишүүн мэдэгдлээ.

Үүнээс гадна анхан шатны шүүхүүд дээр үг үсэг утга найруулгын алдаанаас эхлээд хууль зүйн дүгнэлтгүй шийдвэрүүд маш олноороо гарч байгаа бол давахын болон хяналтын шатны шүүхүүд дээр хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрүүд маш олноороо гарч байгаа. Энэ мэт мэдээллүүд батлагдаж гарвал шүүх засаглал бүхэлдээ шинэчлэгдэж солигдох зүй ёсны шаардлага гарна гэсэн юм.

Ч.Дэлгэрцэцэг