Өрхийн эрүүл мэндийн төвүүд цусны даралтын өөрчлөлттэй өвчтөнүүдэд байнгын хяналт тавьж ажиллана

Зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчлөл манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог байна. Тиймээс Швейцарь улсын Новартис сан, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сан, хамтран “Эрүүл зүрх-эрүүл улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлхээр болжээ.

Манай улсад зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэлттэй холбоотой зүрх судасны өвчлөл нийт нас баралтын 33,3 хувийг эзэлдэг. Цусны даралт ихсэх өвчин нь маш олон шалтгаантай. Үүнд чихрийн шижин, зүрх, бөөрний архаг өвчлөлүүд гол суур болхоос гадна таргалалт, зохисгүй хооллолт, давсны хэрэглээ, архи согтууруулах ундаа, стресс бухимдал зэрэг шалтгаан нөлөөлдөг байна. Тэгвэл эрүүл зүрх эрүүл улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зөвлөгөө мэдээллээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралтын өөрчлөлттэй өвчтөнүүдэд байнгын хяналт тавьж үйлчилхээр болжээ.

Хоёр жилийн өмнөөс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 25 төвд энэ хөтөлбөрийг туршиж эхлүүлсэн. Ирэх сар гэхэд 142 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих багаж тус төслийн хүрээнд олгоно. Мөн эмч нарыг сургалтанд хамруулж эхэлжээ. Иргэн та өөрийн харьяа өрхийн эмнэлэгтээ очиж цусны даралтаа хэмжүүлэн эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна.

Б.Одонгарав