Товлолт вакцины найрлаганд мөнгөн ус агуулагддаггүй

Манай улсад жил бүр шинээр төрж байгаа буюу 0-15 насны хүүхдийг товлолт вакцинжуулалтанд хамруулдаг. Сүрье, халдварт саа, гепатит В, сахуу, татран, улаанбурхан зэрэг 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакциныг хүн амд үнэ төлбөргүйгээр дархлаажуулалтын үндэсний товын дагуу хийдэг. Гэвч зарим улс оронд төдийгүй манай улсад ч вакцины эсрэг ухуулаг сурталчилгаа хийдэг тодорхой бүлэгүүд байсаар байна. Тэдний зүгээс саяхан вакцины найрлаганд мөнгөн ус агуулагддаг, энэ нь аутизм үүсгэдгээс гадна хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг зэрэг баримтуудыг олон нийтэд тараагаад байна.

Хүн төрөлхтний нээсэн шилдэг ололтуудын тоонд вакцин зүй ёсоор ордог. Манай улсад анх 1923 онд цагаан цэцэг өвчний эсрэг, 1960-аад оноос сахуу татран хөхүүл ханиад, 1974 оноос улаанбурханы эсрэг вакцинуудыг хүн амдаа нэвтрүүлж байсан,сүүлийн жилүүдэд шинээр төрсөн хүүхэд болон хоёр хүртэлх насны хүүхдэд хийх ёстой вакциныг зарим эцэг эхүүд хүүхдэд хийлгэхээс татгалзах тохиолдол гарах болсон. Мөн зарим вакцины найрлаганд мөнгөн ус агуулагддаг энэ нь хүний нөхөн үржихүйд хортой, аутизм үүсгэдэг гэсэн мэдээллүүд цацагдаж байна. Тэгвэл яг энэ асуудлаар ДЭМБ болон бусад судалгааны байгууллагаас судалж хариултыг нь олжээ. Вакциныг тогтворжуулхын тулд тиморсал хэмээх бодисыг ашигладаг байсан. Гэхдээ хүний биенд ямар нэг хортой гаж үзүүлэлттэй гэж батлагдаагүй. Энэ бодис нь хүний биенд орсоноос хойш 30 хоногийн дотор гадагшилдаг байжээ. Гэхдээ 2003 оноос хойш тиморсал гэх бодисыг вакцинд ашиглахгүй болсон. Мөн манай улсад орж ирж байгаа товлолт вакцинд ч бас энэ бодис агуулагдаггүй. АНУ-ын судлаачид улаанбурханы вакцинаас шалтгаалж аутизм үүсэх нь боломжгүй гэдгийг тогтоожээ.

Манай улсад 2000 оноос өмнө социалист улсуудаас вакцины хэрэглээгээ хангадаг байсан бол 2000 оноос хойш НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулан товлолт вакцинуудыг худалдан авдаг болжээ. 2017 онд гэхэд 74 000 орчим хүүхдэд товлолт вакцинуудыг хийсэн байна. Гепатит В, ВС, сүрьеэгийн, халдварт саагийн зэрэг вакцинуудад аймаг орон нутагт 95-100 хувьтай хамрагдаж байжээ. Дэлхий нийтийн жишгээр хэрэв хүн амын 95 аас дээш хувьд вакцинжуулалтанд хамрагдвал дархлаажуулалт тогтож халдварт өвчнөөс сэргийлж чадна гэж үздэг. Тиймээс цаг алдалгүй товлолт вакцинжуулалтанд хамрагдах нь та болон таны үр хүүхдийн эрүүл мэндийн баталгаа болно гэдгийг судлаачид зөвлөж байна.

 

Б.Одонгарав