Хүүхэд өдрийн шингэний хэрэгцээгээ авч чадахгүй бол бөөр нь өвдөх эрсдэлтэй

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд бөөрний өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Насанд хүрэгсдээс гадна бага насны хүүхдийн бөөрний өвчлөл ч бас өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд шээс дамжуулах замын, цочмог хэлбэрийн, бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлсээр байгаа юм байна. Эдгээр бөөрний өвчлөлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь шингэний хэрэгцээтэй шууд холбоотой юм.

Цэцэрлэгийн насны хүүхдийн тухайн өдрийн хоолны илчлэгийг заасан стандарт байдаг ч хэр хэмжээний шингэн зүйл уух тухай стандарт, норм одоогоор байдаггүй. Иргэдийн төлөөлөл хэлэхдээ цэцэрлэгээс гэртээ ирж байгаа хүүхдүүд ам нь их цангасан байдаг гэсэн юм. Энэ нь шингэн их уусан хүүхэд ойр ойрхон бие засах магадалтай тул хэт ачаалалтай ажилладаг багш нар өөртөө ажил удахгүйн гэж шингэн бага өгдөг байх магадлалтай гэсэн юм. Цаашлаад өдрийн уух шингэний хэрэгцээгээ бүрэн авж чадаагүй хүүхэд бөөрний өвчлөлд өртөх эрсдэлтэй. Нэг жишээ дурдахад улсын цэцэрлэгт явж байсан 3 настай хүүхдийн шээс нь эрс багасч улмаар эцэг эх нь шинжилгээ өгөхөд оксалат өндөр хэмжээгээр илэрснээс гадна давсаг үрэвссэн гэж гарчээ. Хэрэв оксалатын давс даамжирвал бөөр шохойжих, чулуужих ч эрсдэлтэй.

Өнөөдөр улсын цэцэрлэгүүд ихэвчлэн эцэг эхийн санаачлагаар ангидаа ус цэвэршүүлэгч, эсвэл баллонтой ус авч хэрэглэдэг болсон. Харин зарим цэцэрлэгүүдийн анги даасан багш, эмч нар хүүхдийн шингэний хэрэглээнд анхаардаггүй. Өдрийн хэрэгцээгээ авч байгаа эсэхийг мэддэггүй. Тэр ч бүү хэл мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаар гомдол ч ирж байжээ.

Эцэг эх багш нарын анзаардаггүй асуудал өнөөдөр хүүхдийн бөөрний өвчлөлд нөлөөлж байна уу. Хамгийн гол нь ямар нормоор ямар хэмжээгээр хүүхдийн шингэнийг хангах тухай норм стандарт байхгүй. Гэхдээ энэ нь заавал байх ёстой гэдгийг мэргэжлийн хяналтаас хэлж байна. Гэвч энэ асуудлыг өнөөдөр шийдэж мэддэг газар байхгүй байна.

Б.Одонгарав