ОХУ-д 64 хүний амь насыг авч одсон худалдааны төвийн гал түймрийн үеэр аюулгүйн гарцууд хаалттай байжээ

64 хүний амь насыг авч одоод байгаа ОХУ-ын Кемерова хотын худалдааны төвд гарсан гал түймрийн үеэр ямар ч галын дохиолол дуугараагүй тэр ч бүү хэл барилгын аюулгүйн гарцууд хаалттай байсан хэмээн хэргийн газар байсан гэрчүүд болон мөрдөн шалгах албаныхан мэдээлсэн байна. Гал түймрийн үеэр амь насаа алдсан хохирогчдын ихэнх нь бага насны хүүхдүүд байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Гал түймэр анх байгууламжийн үзвэр үйлчилгээний төвүүд, дэлгүүр хоршоо, боулингийн төв зэрэг байрладаг дээд давхрын хэсгээс ням гарагийн оройны 17:00 цагийн орчимд гарсан бөгөөд тухайн үед газрууд хөл хөдөлгөөн ихтэй, дүүрэн хүнтэй байжээ. Олон нийтийн цахим хуудсуудад тавигдсан бичлэгүүд дээр галаас зугтсан хүмүүс барилгын цонхоор үсэрч байгаа нь харагдсан байна.

Гал гарсны дараа худалдааны төвийн техникч галын дохиоллыг унтраасан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг байцаалтанд дуудаж, шалгаж байна гэж ОХУ-ын Мөрдөн Шалгах Хорооноос мэдэгджээ. Галын улмаас барилгын дээвэр нуран унаж, хүүхдүүдийн тоглож байсан трамполины өрөө бүхэлдээ галд өртөж шатсан байна. Одоогийн байдлаар гал анх юуны учраас гарсан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Гал гарах үед худалдааны төвийн зарим хамгаалагчид хүүхдүүдийг шатаар буухыг хориглож, гарцыг нь хааж байсан гэх цуурхал ч явсаар байна.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан тус хотод 3 хоногийн гашуудал зарлаж, хэргийн газарт хүмүүс цэцэг болон чихмэл тоглоомуудыг тавин эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн түлэгдсэн, шархдсан хүмүүст зориулж цусаа хандивлах хүмүүсийн урт цуваа эмнэлэгийн гадаа үүсчээ.