18:00 ЦАГААС МОНГОЛ, МАВРИКИЙН БАГУУДЫН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ЭХЭЛНЭ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Улаанбаатар хотноо анх удаа Маврики улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Энэ нь Монголын багийн Африк тивийн багтай тоглох гэж байгаа анхны тохиолдол юм. Монголын баг ОУХБХ-ны анхны албан ёсны нөхөрсөг тоглолтоо өнгөрсөн долоо хоногт Куала Лумпур хотноо Малайзын шигшээ багтай хийж 2:2-ийн харьцаатай тэнцсэн билээ.

 


МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ МИХАЭЛЬ ВАЙСС: “Миний бодлоор энэ бол Монголын хөл бөмбөгт том амжилт. Гэхдээ бас зөвхөн эхлэл. Бид хийх зүйлс олон байна. Цаг хугацаа ч хэрэгтэй. Мэдээж үүнийг ганц хоёр өдөрт хийчихгүй. ”

Маврикийн шигшээ ОУХБХ-ны чансаагаар 157-д буюу Монголын шигшээгээс 30 байраар дээр эрэмблэгдэж байна. Тус багийн өнгөрсөн оноос эхлэн өдгөө 77 настай бразил мэргэжилтэн Франсиско Фильо дасгалжуулж байгаа.

Харин Маврикийн шигшээ багийн ахлагч Кевин Бру одоо Английн хөл бөмбөгийн хоёрдугаар дивизионд “Ипсвич таун” клубд тоглодог.


МАВРИКИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ КЕВИН БРУ: “Өрсөлдөгч бүр л ялалтыг хүсдэг. Бид энэ удаад ямартай ч эхлээд сайн хөл бөмбөг үзүүлэхийг хичээнэ. Харин магадгүй тоглолт сайн байвал Макаогийн эсрэг тоглосон шиг хожиж чадах байх. Би тоглолтыг дүгнэмээргүй байна. Тэгэхээр дасгалжуулагчийнхаа заавраар, Монголын багийн эсрэг аль болох сайн үр гаргахын төлөө хичээж тоглох болно.”

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИГШЭЭ АНХ УДАА АФРИКИЙН БАГИЙН ЭСРЭГ ТОГЛОНО

Маврикийн шигшээ өнгөрсөн долоо хоногт Макаогийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд 1:0-ээр хожиж, сүүлийн жил шахам хожоогүй цувралдаа цэг тавьсан юм. Харин Монголын хөл бөмбөгчид хамгийн сүүлд Макаотой тоглоход 2:1-ээр хожигдож байлаа.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ МИХАЭЛЬ ВАЙСС: “Нэн тэргүүн африкийн багийн эсрэг тоглох гэж байгаа маань их сонирхолтой. Манай залуусын хувьд хөл бөмбөгийн бас нэгэн өөр соёл, уламжлалтай нүүр тулах гэж байна. Хоёрт Монголын хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан их чухал тоглолт. Гэхдээ Малайзийн эсрэг тоглолт шиг ямар үр дүн гарахыг маргааш л харах боломжтой. Харин цэнгэлдэх ердийн үе шиг 50, 100 хүнтэй биш 1000, 2000 хүнтэй байвал сайхан байх болно. ”

Тоглолт МХБХ-ны талбайд 27-ны 18:00 цагаас эхэлнэ.