121 дүгээр сургуулийн анги дүүргэлт 6-25

Нийслэлийн төвийн сургуулиудын ачаалал хэтэрч 3 ээлжээр хичээллэн нэг ангид 45-50 хүүхэд сурч байгаа. Тэгвэл алслагдсан хороодын сургуулиуд нэг ангидаа 6-12 хүүхэдтэй хичээллэх тохиолдол ч байна. 61-ийн гарам буюу СХД-ийн 21 хорооны 121 дүгээр сургууль нь нийслэлээс 27 км алслагдсан сургууль юм. 2012 онд япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай ч хамран сургах тойргийн 450 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.

6 жилийн өмнө ашиглалтад орсон тус сургуулийн хувьд нийслэлээс алслагдсан гэдэг утгаараа багшийн асуудал эхний жилүүдэд хүндрэлтэй байсан. Тэгвэл өнөөдөр 75 багш ажилтантай үүнээс 32 нь үндсэн багш. Үүнээс 16 нь Улаанбаатар хотоос ажилдаа ирдэг байна. Үүнээс хамгийн хол нь хотын зүүн зах буюу Улиастайгаас өдөр бүр ажилдаа ирж байгаа тохиолдол ч байгаа юм. Энэ бол биеийн тамирын багш Ц.Ванчигсүрэн юм. Түүнийг хотын зүүн захаас, баруун зах руу тэмүүлэх гол хөшүүрэг нь эзэмшсэн мэргэжил, сурагчид нь байдаг гэлээ.

Хоёр жилийн өмнө анги дүүргэлт тааруу, багш тотохгүй байсан нийслэлийн 121 дүгээр сургуулийн үйл ажиллагаа өнөөдөр хэдийнэ жигдэрчээ. Өнгөрсөн онд сургуулийн дотуур байр ашиглалтад орсноор эмээлт, рашаант зэрэг газрын 100 гаруй хүүхдүүд өдөр бүр холоос зөөлгөхгүй байх боломжтой болжээ. Агаарын бохирдлоос хол, хотын түгжрэл стресс байхгүй гээд олон давуу талтай энэ хэсэгт шилжин ирэгчдийн тоо нэмэгдэж байгаа учраас жилээс жилд шинээр элсэн орох сурагчдын тоо нэмэгдэж байгааг сургуулийн захиргаа онцолж байна.

Ч.Дэлгэрцэцэг