2003-2017 онд 570 мянган иргэн газраа үнэгүй өмчилж авчээ

Монгол улсын иргэнд нэг удаа газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх тухай хуулийн зохицуулалт ирэх 5 сарын нэгний өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч 2017 оны байдлаар хүн амын 18,3% нь газраа өмчилсөн байна. Тиймээс хуулийг хугацааг сунгах, эсхүл хугацаагүй болгох саналыг холбогдох албадаас өгч эхэлсэн байна.

Монгол улсын иргэнд гэр бүлийн зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх тухай хуулийн заалт 2003 оны 5 сарын 1 ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуулид 2 удаа өөрчлөлт оруулж хугацааг нь энэ оны 5 сарын нэгэн болгон өөрчилсөн. Тэгвэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд монгол улсын хэмжээнд 570 мянга 771 иргэн 57767,26 га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 570241 иргэн газраа үнэгүй өмчилж авчээ. Өмнөх практикуудаас харахад хуулийн хугацаа дуусах дөхөх үед газар өмчлөл огцом өсч ирсэн. Тиймээс өмчлөлийн асуудлыг хугацаагүй болгох санал засгийн газар дээр яригдаж байгаа юм байна.

Зөвхөн 2017 онд 32 мянга гаруй иргэнд газар өмчлүүлсэн нь 2016 онтой харьцуулахад 22,3% өссөн байна. Тиймээс хугацаагаар иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр ирээдүйн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулж авах боломжийг олгох үүднээс хугацаагүй байх ёстой гэж үзэж байна.

Ч.Дэлгэрцэцэг