С.Ононбат шүүгчийн “Азтай 17” оролцогч

The Voice of Mongolia шоуны Blind audition өндөрлөж өөр өөрсдийн сонгосон шүүгчидтэйгээ оролцогчид маань уулзлаа. Шүүгч С.Ононбат багтаа өөрийн давуу эрхээ эдлэн 17 оролцогчийг тэнцүүлсэн. Ингэснээр тэрээр дараагийн шатанд нэг удаа хоёр биш гурван хүнийг тайзнаа халз тулалдуулах хүндхэн сорилтыг хийх юм. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн онцгой нэгэн оролцогч бол Б.Хулан юм. Тэр өөрийн дотоод сэтгэл, мэдрэмжээ С.Ононбат шүүгчийн сэтгэлд хүргэж чадсанаар түүний багийн нэг гишүүн болж чадсан юм.

Хамгийн нямбай, няхуур сонголтыг хийдэг С.Ононбат шүүгч зөвхөн өөрийн багт хамгийн хэрэгтэй оролцогчдыг хэнээс ч хамааралгүйгээр сонгож байсан. Түүний хамгийн ихээр таашааж өрсөлдөгчгүйгээр багтаа авсан оролцогчдын нэг нь Б.Баярмандах байсан юм.

Энэ багаас онцлох дараагийн хүн бол математикийн багш Б.Идэржавхлан юм. Тэрээр “Буруу эргэлт” киноны дууг цангинасан хүчтэй хоолойгоор зүрх сэтгэлээсээ дуулсан нь 4 шүүгчдийн сэтгэлийн хөдөлгөсөн билээ.

Б.Идэржавхлантай адил, тэс өөр мэргэжилтэй ч дуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн П.Ариунчимэг бүсгүй энэ багийн онцгой оролцогчдын тоог нэгээр нэмсэн билээ. Түүний дуулалт, хоолойн өвөрмөц тембрийг С.Ононбат шүүгч олж харсанаар Анчигийн аялал цааш үргэлжлэхээр болсон.

С.Ононбат шүүгч маань хамгийн олон төрөл жанрын гэж хэлж болохуйц оролцогчдоор багаа бүрдүүлсэн билээ. Дуу хуураар хөглөгдөн амьдардаг, тэмүүлэлтэй залуу Э.Магсаржав бол С.Ононбат шүүгчийн шүүрч чадсан бас нэгэн ОД нь байлаа.

Түүнчлэн The Fifth Element киноны Plavalaguna-ийн ариг The Voice of Mongolia шоуны тайзнаа сонсгосон Б.Өлзий бүсгүй ч С.Ононбат шүүгчийн онцгой оролцогчдыг нэгээр нэмсэн. Ямар ч байсан дуурийн дуучин энэ багт хэрэгтэй байсан бололтой.

Тэгвэл С.Ононбат шүүгчийн хамгийн балчир оролцогчдын нэг бол Сэлэнгэ нутгийн охин Г.Бүрэн-Ирээдүй юм. “Орь залуу нас” дууг сэргээн дуулсан түүний үзүүлбэр шүүгчдэд төдийгүй нийт Монголчуудад таалагдсан биз ээ.

Энэ багийн 17 настнуудын тоог нэгээр нэмсэн өвөрмөц хоолойтой охин бол С.Номин юм. Түүний этгээд сонин хоолой, дуулах техник С.Ононбат болон Д.Ука шүүгчид таалагдаж тэдний хооронд маш хүчтэй өрсөлдөөнийг бий болгосон. 

С.Ононбат шүүгчийн багт үзэгчдийг байлдан дагуулах чадвартай олон оролцогчид багтсаны нэг нь Ц.Баяржаргал юм. Тэрээр тайзнаа өөртөө итгэлтэй байж үзэгчдийг өөртөө соронз мэт татаж байлаа.

Түүнчлэн СУИС-ийг дуучин мэргэжилээр төгссөн Э.Алтаннамар энэ багийн донжтой, туршлагатай оролцогчдын нэг. Түүний дуулах уран чадвар, хэв маяг С.Ононбат шүүгчээс гадна Д.Отгонбаяр шүүгчийн сэтгэлд хүрч чадсан юм. Тэр үнэхээр өөр байж чадсан шүү.

С.Ононбат шүүгчийн багийнхний олонхийг эрчүүд эзэлж байгаа. Өөр өөрсдийн хэв маяг өнгө төрхтэй эдгээр залуусын нэг нь Э.Энхсүх юм. Багаасаа амьд хөгжимд дурласан, мөрөөдөлдөө үнэнч залуугийн цаашдын замналыг ийнхүү С.Ононбат шүүгч залахаар боллоо.

Хүний амьдралд маш бэрхшээл олон бишгүй тохиолддог. Харин тэр хүнд хэцүүг туулж гарах хүч, сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг хамгийн бахархмаар хэрэг. Тэгвэл хэцүү бэрхийг даван туулж мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй хүүгийн хоолой С.Ононбат шүүгчийн зүрхэнд хүрч түүнд хоёр дахь боломжийг олгосон билээ.

Хамгийн хашир туршлагатай С.Ононбат шүүгчийн багийн өнгөлөг нэгэн оролцогч бол Н.Мөнгөнтулга буюу Мачо юм. Эв найрамдал, энхтайван байхыг уриалдаг регги дуучинг Ононбат шүүгч өөрийн багт байх ёстой хүн гэж үзсэн юм.

DJ залуу Г.Амартүвшинг та нар санаж байгаа биз дээ. Дуучин болох зам мөрөө дөнгөж эхэлж буй залуу маань тайзан дээр бага зэрэг сандарсан ч С.Ононбат шүүгч түүнээс хайж байсан зүйлээ олсон.

Blind Audition-ийн хамгийн хайр татам оролцогчдын нэг, охидын зүрхийг учраагч Б.Өсөхбаяр бол энэ багийн хатуухан самар байж магадгүй. Түүний дуулалт, ухаалаг үг яриа үзэгчдэд таалагдсан нь лавтай. 

The Voice of Mongolia шоунд монголын урлагийн сор болсон олон хүмүүсийн үр хүүхдүүд оролцож, тэдний үр удам, урлагийн замнал бүдгэрээгүйн нотолгоо болсон билээ. Тэдний нэг бол МУ-ын ардын жүжигчин Жамсранжав агсаны хүү Ж.Батдөл юм.

Цөмийн инженер мэргэжлээр суралцдаг, авьяаслаг оролцогч Д.Охинтэнгэр түүний багаас онцлох сүүлийн оролцогч болж байна. Өөртөө итгэлтэй зоримог охин маань мөрөөдөлдөө нэг алхам ойртож С.Ононбат шүүгчийн шалгуурыг давж чадсан юм.

Ийнхүү С.Ононбат шүүгч дараагийн шатанд оролцогчдоо хэрхэн сорьж, ямар тоглолтуудыг гаргах бол? Шүүгч маань азтай 17 оролцогчдынхоо хэнийг нь дараагийн шатанд үлдээх бол. Энэ мэдээж хамгийн сонирхол татсан асуудал билээ. Ийнхүү С.Онобат шүүгчийн 17 оролцогч халз тулааны шалгаруулалтанд бэлдэж эхэллээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.