Нийслэлийн эрчим хүчний 60 гаруй хувийг аж ахуй нэгж, байгууллагууд хэрэглэж байна

-Эрчим хүчээ хэмнэж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэе-

Монгол улсын хүн амын 50 орчим хувь буюу Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэр дэх 360 гаруй мянган хэрэглэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ авдаг. Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлаж, нийт эрчим хүч хэрэглэгчид ялангуяа жилээс жилд өсч байгаа нийслэлийн хэрэглэгчдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалж байгаа юм.

Нийслэлчүүдийн цахилгааны хэрэглээгээ худалдан авдаг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хэрэглэгчид жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал : Гэрээт хэрэглэгчид 2013 оноос хойш 39,1 хувиар өсч 2017 онд 367 мянгад хүрсэн байна.

Эрчим хүчний хэрэглэгчийн тоогоор орон сууц, гэр хорооллын айл өрх тэргүүлж байгаа ч нийт эрчим хүчний 60 гаруй хувийг аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэдэг байна.

2013 оноос хойш эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 9 хувиар өсч байсан бол 2017 онд 5.3 хувь болж буурсан байна. Хэрэглэгчдийг ангиллаар авч үзвэл орон сууцны хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай гарчээ. 2017 оны байдлаар орон сууцны эрчим хүч хэрэглэгчдийн тоо 194,198 хүрсэн бол гэр хорооллын 152, 443 эрчим хүч хэрэглэгч айл өрх бүртгэгджээ. Тэгвэл улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа эрчим хүч хэрэглэгч 20,784 байгууллага байдаг байна.

Б.Хулан