Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх биш

-Ирээдүйд аав болох хөвгүүдийг анхаарах хэрэгтэй. Тэд сурч, боловсрох эрхээ тэгш хүртэх ёстой-

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд бага, дунд боловсролд жендэрийн асуудлаар анхны цогц судалгаа хийжээ. Эцэг эхчүүд, охид хөвгүүдийн боловсролд хандах жендэрийн хандлагын талаар уг судалгаанд тусгагдсан байна.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролын асуудалд илүү анхаарч, хүйс харгалзахгүйгээр дээд боловсрол эзэмшүүлэхийг чухалчлан үзэж байгаа хандлага нийтлэг буюу 76.7-80.5 хувь байна.

Аав ээжүүд үр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарал хандуулахдаа хүү, охины хэн нь амжилттай суралцаж байгаагаас хамаарч үргэлжлүүлэн сургах сонголт 44.8 хувьд илэрсэн ч эцэг эхчүүдийн охиноо сургахыг дэмжсэн хариулт 3 дахин их гарсан байна. Аав ээжүүдийн 11 хувь нь хүүгээ, харин 31 хувь нь охиноо үргэлжлүүлэн сургах хандлагатай байдаг байна.

Тиймээс эцэг эхийн боловсрол, ялангуяа жендэрийн талаарх ойлголт хандлага нь охид хөвгүүдийн суралцах байдалд нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл, охид хөвгүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангаснаар хувь хүний авьяас чадвараа бүрэн дайчлан хөгжих боломжийг олгож чадах юм гэж үзэж байна.

Б.Хулан