Д. Болд дасгалжуулагчийн хүчирхэг баг

Хамгийн хөгжилтэй, хамгийн овжин гэгдэх болсон Д. Болд шүүгчийн багт 10 эмэгтэй, 6 эрэгтэй оролцогч багтсан бөгөөд тэдний дунд нилээд туршлагатай, мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс олон байлаа. Тэднээс дурдвал Л.Насанбуян, дуурийн дуулаач мэргэжилтэй Я.Баярчимэг нар юм. Түүнчлэн Anemone хамтлагийн дуучин Жанна буюу Я.Баяржаргал сэтгэл татам уянгалаг хоолойгоор үзэгч шүүгчдийг алмайруулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Д.Отгонбаяр шүүгч маань өөрийн зохиосон дуугаа дуулж түүнийг багтаа элсүүлэхийг хичээсэн ч дуучин бүсгүй маань Д.Болд шүүгчийн багийг сонгосон юм.

Харин дур булаам, энхрий хоолойтой О.Бүжинлхам Voice шоунд оролцож Д. Болд шүүгчийн багт орсон нь түүний хувьд мөрөөдлөө биелүүлэх хамгийн том боломж болсон билээ.

Д. Болд шүүгчийн багийн гялалзсан охидуудын цувааг үргэлжлүүлэх дараагийн оролцогч бол уурхайд нуугдсан эрдэнэс А.Шинэзул билээ. Уурхайн гүн дэх алмаз мэт түүний содон хоолой Д.Болд шүүгчийн багийг улам бүр өнгөлөх шиг.

Харин түүнтэй адил аварга том хүсэл тэмүүлэлтэй оролцогч бол жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа С.Идэрмаа юм. Үзэсгэлэнтэй бүсгүйн эрч хүчтэй байдал, цангинасан хоолой Д.Болд шүүгчийг суудлаа эргүүлэхэд хүргэсэн билээ.

Хүсэл зорилгодоо хөтлөгдөн хамгийн холоос шоуг маань зорин ирсэн нэгэн бүсгүйг Д.Болд шүүгч маань ганзага дүүрэн буцааж өөрийн багт элсүүлсэн билээ. Тэр бол АНУ-аас мөрөөдлөө даган ирсэн хамгийн өөрийнхөөрөө, хамгийн оргилуун эрч хүчтэй тамирчин бүсгүй А.Жаргал юм.

А.Жаргалаас гадна Д. Болдын шүүгчийн багт Шведээс ирсэн өвөрмөц хоолой, өөрийн гэсэн донжтой залуу Б.Мөнх-Эрдэнэ мөн багтаж чадсан. Түүний ээж Д.Түвшинтунгалаг бол Монголын анхны эмэгтэй рок дуучин бөгөөд ээжийнхээ авьяасыг өвлөсөн хүүгийн дуу хоолой бусдаас өвөрмөц гэдэгтэй маргах хүн үгүй билээ.

Харин Хятад улсад ажиллаж амьдардаг С.Тэлмэн маань хүсэл мөрөөдлийнхөө жимийг даган өөрийн байр суурь, карьераа түр хойш тавин шоуг зорин ирсэн нь бас л талаар болсонгүй. Тэрээр Д. Болд шүүгчийн чадварлаг багт багтаж шоугаа үргэлжлүүлэх болсон юм.

Мөн Voice шоунд урлагийн гэр бүлийн авьяаслаг оролцогчид их байлаа. Тэдний нэг бол Төрийн хошой шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал юм. Тэр өөрийн дуулах арга барил, этгээд донж маяг, өөртөө итгэлтэй байдлаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Харин тэрээр Д.Болд шүүгчийг сонгосноор түүний багт бас нэгэн “гялалзсан од” нь болсон юм.

Д. Болд шүүгчийн багийн цөөхөн залуусын нэг бол дуулах чин хүсэлдээ автан Voice шоунд оролцож байгаа Б.Билгүүн юм. Тэрээр Lost star дууг маш гайхалтай дуулсан нь шүүгчдээс гадна охид бүсгүйчүүдийн сэтгэлд хүрсэн биз ээ.

Харин түүнтэй адил уянгалаг хоолойтой, авьяаслаг оролцогч бол Ш.Мөнхбаяр байлаа. Тэр ёстой л дуундаа орно гэдгийг утгаар нь харуулж, 3 шүүгчийг хоорондоо өрсөлдөхөд хүргэж чадсан шүү.

Эндээс харахад маш чадварлаг оролцогчдыг эгнээндээ нэгтгэж байсан Д. Болд шүүгчийн багаас маш хүчтэй халз тулаан гарах нь эргэлзээгүй. Энэ багаас онцолж байгаа дараагийн оролцогч бол Б.Сайнбилэг юм. Монголын рок попын ертөнцөд түүнийх шиг хоолой байх ёстой хэмээн шүүгч маань үзэж байгаа.

Харин өөртөө итгэл итгэл, хүчирхэг хоолойгоороо бүгдийг татах увидастай Б.Одмандах маань энэ багийн бас нэгэн гайхалтай оролцогчдын нэг билээ. Түүний “Найрах арга чинь буруудаад байна” дууг өөрийнхөөрөө дуулсан нь 4 шүүгчдэд маш ихээр таалагдсан билээ.

Сэтгэл булаам, авьяаслаг нэгэн оролцогчийг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ хүн бол өөртөө итгэлтэй, бардам донж маяг, чадварлаг хоолойгоороо шүүгчдийг өөртөө татсан Э.Ганбилэг юм.

Э.Ганбилэгтэй эн зэрэгцэхүйц хүчтэй, хамгийн мэдрэмжтэй, хамгийн өөрийнхөөрөө Д.Бямбахишиг бол энэ багийн яггүй өрсөлдөгчдийн нэг. Дуулах хүсэл сонирхлоо ааваасаа өвлөсөн Д.Бямбахишиг маань өөрийн гэсэн ертөнцөөр үзэгч шүүгчдийг аялуулж, бүгдийн анхаарлын төвд байж чадсан.

Ийнхүү Шүүгч Д. Болд өөрийн хүчирхэг багийн 16 оролцогчоо амжилттай бүрдүүлж халз тулааны шатанд бэлтгэж эхлээд байна. Дахин хэлэхэд энэ багийн хамгийн онцгой шинж бол тэд бүгд ижил хэмжээний чадварлаг, хүчирхэг оролцогчид тул дараагийн шатанд үнэхээр гал гарсан халз тулаан өрнөх нь дамжиггүй ээ.

 

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.