Барилга ашиглалтад оруулах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орох ёстой

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өргөтгөлийн шинэ барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламжийн стандартын наад захын шаардлагыг хангахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой төрийн байгууллагын хамгийн чухал субъектуудын нэг. Энэ үүднээс ХНХЯ бусад салбар яамдыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг харьцангуй их явуулдаг. Тус яамны олон жил болсон засч тохижуулах аргагүй хуучин барилгыг эс тооцсон ч шинээр барьсан барилгынхаа өргөтгөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилгын хоёр стандартыг мөрдөөгүй байгаад иргэд шүүмжлэлтэй байгаа юм.

Тиймээс ХНХЯ цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хангаж өргөтөлийн барилгаа стандарын дагуу засч янзлах эсэхийг тодруулахад “Шат дараатай арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгаа” гэж яамны төлөөлөл мэдэгдсэн юм.

Өнгөрсөн жил Засгийн газрын 69-р тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” батлагдсан. Үүнд бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл оролцоно гэж заасан байна.

Аливаа барилгыг ашиглалтад хүлээж авахдаа тус барилга стандартыг хангасан эсэхийг хянаж шалгах ёстой. Гэсэн ч тус барилга ашиглалтад ороод 2 гаран жилийн нүүр үзэж байгаа юм.

Б.Хулан