Дэлхийн банк манай улсыг сургалтын хэрэглэгдэхүүнд бага төсөв зарцуулж байгааг дурджээ

-Дэлхийн шилдэг 10 боловсролын тогтолцооны долоо нь зүүн ази номхон далайн бүсэд байна-

Дэлхийн банкнаас “Бүс нутгийн боловсролын салбарын тайлан”-г танилцууллаа. Зүүн ази номхон далайн бүсээс Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан дүнтэй гарчээ. Тэгвэл Монгол улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудтай харьцуулахад хүндрэлтэй байгааг дурджээ.

Дэлхийн шилдэг 10 боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази Номхон Далайн бүсэд байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэдэнд ур чадвар олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байгааг дурджээ. Мөн бүсийн хэмжээнд өрхийн орлого нь хүүхдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш болохыг тайланд онцолсон байна.

Манай улсын хувьд ДНБ-ийхээ 4,6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн ч зардлын ихэнхи нь хувьсах зардалд хуваарилагддаг. Харин сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгааг онцолжээ.

-Дэлхийн банкны тайланд багшийн хөгжил болон сургалтын арга зүй сурагчдын сурч мэдэхэд ихээхэн нөлөөтэйг онцолжээ-

Мөн багш бэлтгэх, багшийн хөгжлийг дэмжих нь сурлагын амжилтад нөлөөлөх чухал зүйл болохыг Дэлхийн банкнаас танилцууллаа. Тиймээс үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт, сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх, багшийг зөв сонгох ба дэмжих, сургах үйл явцыг ямар байхад чиглүүлэх зорилгоор үнэлгээг системтэй ашиглах зэрэгт анхаарч ажиллахыг Дэлхийн банкнаас гаргасан “Бүс нутгийн боловсролын салбарын тайлан”-д дурджээ.

Б.Хулан