Хүн, малын шилжилт хөдөлгөөнөөс болж шүлхий өвчин тархаж байна

Гуравдугаар сарын 15-ны байдлаар нийт 12 аймгийн 39 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Тодруулбал

-Дорноговь аймгийн 7 сум

-Дундговь аймгийн 8 сум

-Булган аймгийн 6 сум

-Төв, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн тус бүр 3 сум

-Өмнөговь, Говьсүмбэр, Архангай аймгийн тус бүр 2 сум

-Орхон, Дорнод, Хэнтий аймгийн тус бүр 1 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна.

Тэгвэл дээрх аймаг сумдаас гуравдугаар сарын 15-ны байдлаар 11 аймгийн 24 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Дундговь, Өмнөговь, Дорноговь, Булган, Орхон, Төв, Архангай аймгийн голомт бүхий бүс нутгуудад шүлхийн вакцинжуулалтын арга хэмжээг авч 694,742 толгой малыг хамруулсан байна.

Он дамнасан шүлхийн гаралт буурч байгаа талаар мал эмнэлэг үржлийн газраас мэдэгдсэн.

Шүлхий нь олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдийн нэг. Олон улсад энэ өвчний халдвар гарсан голомтод байх бүх мал, амьтныг устгалд оруулж дахин дэгдэхээс урьдчилан сэргийлж, арга хэмжээ авдаг. Харин манай улсад энэ аргыг хэрэглэх нь төдийлөн тохиромжгүй тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаалаар “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг баталсан байдаг. Уг зааварт малын эмчийн ялган тусгаарласан зөвхөн өвчин хүндэрч эдгэрэх боломжгүй болсон мал болон шүлхийн халдвар илэрсэн аж ахуйн бүх гахайг зовоохгүй аргаар устгана гэж заасан байдаг.

Олон улсын хэмжээнд шүлхийн эргэн тойронд мэргэжлийн үүднээс хөл хорио тогтоох, халдваргүйжүүлэх, вакцинжуулах устгалын гэх 4 арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Харин манай улсад одоогийн байдлаар голомттой газар 21 хоногийн хөл хориог тогтоож байна. Хөл хориог сайн тогтоох нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга гэдгийг малын эмч зөвлөж байгаа юм. Мөн сүүлчийн өвчтэй мал илэрснээс хойш 28 хоног, эсвэл сүүлчийн вакцинжуулалтыг хийснээс хойш 14 хоногийн дараа бүх өвчлөмтгий малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцалдаг. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч тусгай тэмдэглэгээ хийгдсэн малыг хорио цээрийн дэглэм цуцалснаас хойш 12 сарын дотор хэрэгцээлэх талаар зөвлөмж өгдөг байна.

Б.Хулан