Автомат жолоодлоготой автомашины туршилтын үеэр хүний амь нас эрсджээ

Дуудлагын такси үйлчилгээний Убэр компанийн автомат жолоодлоготой автомашины туршилтын үеэр хүний амь нас эрсдсэн золгүй үйл явдал болжээ. Үүний улмаас тус компани жолоочгүй автомашины туршилтуудаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна. Автомашин үйлдвэрлэгч компаниудын дунд автомат жолоодлоготой машины боловсронгуй хувилбарыг бүтээхийн төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ үед Убэр компани ч мөн адил дээрх өрсөлдөөнд нэгдэж, хэдэн сарын өмнөөс Питтсбург, Сан Франциско, Торонто зэрэг хотуудад туршилтын жолоодлого хийж эхэлжээ.

Тэгвэл ням гарагийн орой Аризона мужийн Темп хотод зам хөндлөн гарч байсан 49 настай эмэгтэйг автомат жолоодлоготой машин мөргөсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. Жолоочгүй автомашинтай холбоотой осол гэмтлүүд өмнө нь нэг бус удаа гарч байсан ч хүний амь насанд хүрч байсан тохиолдол гарч байгаагүй юм. Тус хэргийн дараа Убэр компанийн гүйцэтгэх захирал твиттерээрээ дамжуулан эмгэнэл илэрхийлж, хууль сахиулах байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ амласан байна.

Хүмүүсийн дунд санал асуулга явуулахад 78 хувь нь жолоочгүй автомашинд суухдаа ямар нэгэн хэмжээгээр айдас мэдэрдэг гэсэн хариулт өгсөн бөгөөд автомашин үйлдвэрлэгч компаниуд хэрэв автомат жолоодлоготой автомашин зах зээлд нэвтрүүлэхийг хүсч байвал хүмүүсийн дунд үүссэн эргэлзээ, айдсыг арилгах хэрэгтэй гэдгийг Тээврийн сайд Элэйн Кэос дурджээ. 3-р сарын эхний хэд хоногт л гэхэд жолоочгүй автомашины туршилтын үеэр гарсан осолтой холбоотой 59 тохиолдол бүртгэгдсэн тухай албаныхан мэдээлсэн байна.