БРАЗИЛЫН ШИГШЭЭ ЭНЭ САРД ХОЁР НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Бразилын хөл бөмбөгийн шигшээ баг энэ сард хоёр удаа нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Тэд энэ долоо хоногт ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын багтай, ирэх долоо хоногт дэлхийн аварга Германы шигшээтэй тоглох хуваарьтай байгаа.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилчууд ОХУ-ын шигшээтэй хийх нөхөрсөг тоглолт Москва хотын Лужники цэнгэлдэхэд болох юм. Оросын багийн эсрэг хийх тоглолт Улаанбаатарын цагаар ирэх баасан гарагийн үдэш 00:00 цагаас эхэлнэ.

Бразилын шигшээ ДАШТ-ий “И” хэсэгт Коста Рика, Щвейцарь, Сербийн багуудтай таараад байгаа. Нээлтийн тоглолтоо Щвейцарийн эсрэг хийнэ.

Бразилын шигшээ багийн гол тоглогчдын нэг Нэймар өнгөрсөн сард Францын лигийн тоглолтын үеэр бэртснээс хойш хөлдөө хагалгаа хийлгэж талбайд гараагүй байгаа. Түүнийг яг хэзээ дахин тоглож эхлэх нь тодорхойгүй байна.

Бразил, Оросын шигшээ багууд хамгийн сүүлд 2013 онд нөхөрсөг тоглолт хийхэд 1:1-ээр тэнцэж байлаа. Товчхондоо бол Бразилчууд Оросын багт хожигдож байгаагүй юм.

БРАЗИЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ ЭДУ ГАСПАР :

“Бид нөхөрсөг тоглолтын багуудаа сонгохдоо үргэлж ирэх ДАШТ-ий өрсөлдөгчдийнхөө тоглолтын арга барил, хэв маягийг харгалзан үздэг. Аль болох төстэй тоглолттой баг сонгодог гэсэн үг л дээ. Бидний харж байгаагаар Хорватын шигшээ багийн тактик, систем, хувийн тоглогчдын ур чадвар гээд их сонирхолтой өрсөлдөгч. Харин Австри бол их нэгэн цул тоглолттой, хамгаалалтын бүрэлдэхүүндээ таван ч тоглогчтой. Дэлхийн аваргаар ч тэгж л тоглоно гэж найдаж байна.”

“Бид ямартай ч хэсгийн шатны тоглолтуудын үеэр Сочи хотод байрлана. Харин амжилтаасаа шалтгаалаад өөр газар очих эсэхээ шийднэ.”

“ДАШТ-ийг зохион байгуулагч оронд очиж тоглоно гэдэг их чухал туршлага болно. ДАШТ-ий уур амьсгал, цэнгэлдэх, өрсөлдөгч багийнхаа тухай мэдэх сайхан боломж гэж харж байгаа. Одоохондоо бол бид Орос, Германы эсрэг нөхөрсөг тоглолтууддаа гол анхаарлаа хандуулж байна. Учир нь манай баг сайн бэлтгэлтэй байгаа гэж найдаж байна. Аль болох ДАШТ-ий уур амьсгалтай дөхөхүйц тоглолт байгаасай гэж хүсч байгаа юм.”

“Оросын баг гурван хамгаалагчтай, харин дундын шугамандаа хоёр жигүүрийн тоглогчтойгоо нийлээд таван хүнтэй тоглоно гэж бодож байна. Энэ бол тэд бөмбөггүй ч гэсэн адилхан шахалт үзүүлж тоглоно гэсэн үг. Бид саяхан Английн эсрэг тоглоход яг л тийм зүйл болсон шүү дээ. Гэхдээ мэдээж тэднийг яг тэгж тоглох эсэхийг нь мэдэхгүй. Тэд сүүлд тоглохдоо л ингэж тоглосон болохоор жишээ татлаа.”

“Бүх зүйл эмчийн гарт байгаа. ПСЖ клуб болон эмч Родриго Ласмар нар түүнд анхаарал тавьж байгаа. Родриго эмч саяхан Нэймарын гэрт очиход оёдолоо авахуулчихсан, өөрөө ч бэртлээ эдгэрч байгаад баяртай байгаагаа хэлсэн байна билээ. Бас хэдийн зарим нэг дасгалыг хийгээд эхэлчихсэн. Шигшээгийн дасгалжуулагч Тите түүнтэй ярьсан. Нөхцөл байдал сайн байгаа ч яг хэзээ талбайд гарах тухай өдөр хэлж чадахгүй нь.”

Өдгөө 39 настай Эду Гаспар 2000-2005 оны хооронд “Арсенал” клуб, 2004-2005 оны хооронд шигшээ багтаа тоглож байлаа.