Ука шүүгчийн “Хүсэл тэмүүлэлтэй 17 оролцогч”

Гайхалтай дайчин бүсгүй Д.Уламбаяр шүүгчийн хүсэл тэмүүлэл дүүрэн багийг танилцуулъя. Энэ багийг бүхэлд нь маш орчин үеийн бөгөөд бөөн эрч хүч гэж нэрлэмээр байна. Д.Уламбаяр шүүгч мөн л шүүгчийн давуу эрхээ ашиглан багтаа 17 хүн авсан. Түүний багийн 17 дахь гишүүн бол чамин хоолойтой А.Заяа юм. Ээжийн сайн охин, сэтгэл татам, өөрийнхөөрөө А.Заяа үнэхээр онцгой оролцогчдын нэг байсан. Түүнд 4 сонголт байсан боловч гал цогтой бүсгүй маань хүсэл тэмүүллээ даган Д.Уламбаяр шүүгчийг сонгосон билээ.

Мөн энэ багийн хүчирхэг охидын нэг бүжигчин бүсгүй Э.Буянгэрэл Blind Audition-ийн онцлох оролцогчдын нэг байсан. Этгээд донж маяг, содон хоолойн тембрийг та бүхэн санаж байгаа биз дээ. Харин Э.Буянгэрэлийн өвөрмөц хоолойг Д.Уламбаяр шүүгч маань дараагийн шатанд ямар дуугаар сорих бол.

Д.Уламбаяр шүүгчийн цовоо, эрч хүчтэй багийн дараагийн онцлох гишүүн бол дундаршгүй эрч хүчтэй Г.Маргад юм. Та бүхэн ч гэсэн түүний тайзан дээр биеэ авч яваа байдал, дуулалтаас маш их хүсэл тэмүүллийг нь мэдэрсэн биз дээ. Өөртөө итгэлтэй охины маань хүсэл тэмүүлэл шоуны аль шат хүртэл явуулж чадах бол.

Жүжигчин мэргэжилтэй бас нэгэн авьяаслаг бүсгүй Д.Уламбаяр шүүгчийн багт багтаж чадсан нь С.Даваажаргал юм. Эрдэнэтээс ирсэн халуухан бүсгүй С.Даваажаргал маань зөв газраа зөв цагтаа ирсэн бололтой.

Энэ цагт хит болж буй, дайчин бүсгүй Д.Уламбаяр шүүгч маань дуу хөгжмийн салбарт хэдийнээ хөл тавьж, олны танил болсон 2 ч залууг өрсөлдөгчгүйгээр багтаа авсан. Түүний нэг бол мэдээж дуучин Б.Оргил. Түүний онцлог тембр дуулах мэдрэмжийг сонсож, эргэлзээгүйгээр багтаа авч чадсан нь шүүгчийн маань гайхалтай сонголтуудын нэг байсан.

Магадгүй Б. Оргилтой эн зэрэгцэж мэдэх бас нэгэн оролцогч бол дуучин Э.Мишээл юм. Олны танил дуучин маань маш эрсдэлтэй алхам хийж техник шаардсан дууг сонгон шоунд оролцсон нь буруу алхам биш байсан бололтой. Ямартай ч тэр одоо Д.Уламбаяр шүүгчийн багийн хүчирхэг оролцогчдын нэг мөн.

Тэгвэл яг эсрэгээрээ дөнгөж дуулах авьяасаа нээж, урлагийн тайзнаа хөл тавьж буй өсвөр настнуудын эгнээнд багтах Б.Алунгоог шүүгч маань мөн эргэлзээгүйгээр сонгосон. Түүний нандин, сонсголонтой тембр шүүгчийг маань харамсахааргүй алхам хийхэд хүргэж чадсан билээ.

Алтайн нутгийн уудам амьсгалыг The Voice-ийн тайзнаа сэнгэнүүлсэн Өлгий нутгийн энхрий охин К.Еркажан шоуны шүүгчдийг “Нутгаа санасан сэтгэл”-ээрээ ховсдож чадсан. Даруухан, авьяаслаг охин маань Д.Уламбаяр шүүгчийн сонгосон нь шоуны бусад шүүгчдийг гонсойлгоод авсан шүү. Түүний нандин хоолой энэ багийн, бас энэ шоуны нэгэн чимэг болно гэдэгт итгэлтэй байна.

Зөвхөн дуулахаас гадна муугүй хөгжимчин гэдгээ харуулсан Б.Хонгор маань энэ багийн онцлох залуусын нэг юм. Б.Хонгорын хувьд дуугаа дотоод сэтгэлээсээ мэдэрч дуулах чадвараараа бусдаас илт ялгаатай оролцогч юм.

Мөн Энэ багийн содон оролцогчдын нэг бол графикч залуу Ё.Билэгт юм. Цэнхэр дэлгэцээр бидний сэтгэлд ойрхон байдаг Ш.Ёлка гуайн хүү тэрээр өвөрмөц тембрээрээ Д.Уламбаяр шүүгчийг өөртөө татсан.

 Д.Уламбаяр шүүгчийн хүсэл тэмүүлэл дүүрэн энэ багт кино найруулагч бүсгүй ч бас байгаа. Тэр бол энхрий хоолойтой, ирээдүйтэй дуучин Б.Хулан юм. Түүний энэ чадварыг олж сонссон Д.Уламбаяр шүүгч маань дараагийн шатанд Б.Хуланд ямар сорилт тавих бол.

Анх удаагаа өөрийн авьяасаа олны өмнө нээж, томоохон хэмжээний тайзан дээр гарч байгаа учраас бага зэрэг сандарч өөрийн давуу талаа бүрэн илэрхийлж чадаагүй Б.Өлзийсайханд маань залуусын зүрхэн дэх хүсэл тэмүүллийг мэдэрч чаддаг Д.Уламбаяр шүүгч боломж олгосон билээ. Харин дараагийн шатанд авьяаслаг, адтай залуу маань өөрийнхөө хэн байсныг харуулна гэдэгт итгэлтэй байна.

Эрэгтэй хүнээс гарамгүй уянгалаг нандин хоолойтой залуу бол Б.Баярсайхан юм. Тэрээр хэн хүний зориглож авахгүй Sia-ийн Chandelier дууг дуулсан нь Д.Уламбаяр шүүгчид таалагдсан.

Харин казу хөгжимтэй өөрийн дуу хоолойгоо гайхалтай хослуулж, шүүгч Д.Болдын дууг зориглон сонгосон О.Анхбаяр маань энэ багийн онцлох залуусын нэг юм. Тэр “Даам” дууг үнэхээр даам дуулж чадсан гэдэгтэй та бүхэн санал нийлнэ биз дээ.

Энэ баг бол үнэхээр эрч хүчээр дүүрэн залуусаас бүрдсэн баг юм. Үүнийг нотлох оролцогч бол Ч.Маралгоо. Эрүүл мэндийн манаанд хүч сорихоор бэлтгэгдэж байгаа авьяаслаг охин маань Nicki Minaj – ийн Monster дууг ч дуулахдаа ёстой л үзүүлээд өгсөн шүү. Д.Уламбаяр шүүгч маань ч үүнийг мэдэрсэн.

Мөн Утсан хөгжмийн аялгуу шиг эгшиглэнт хоолойтой Ц.Энгүүн бол Д.Уламбаяр шүүгчийн шүүрсэн бас нэгэн эрдэнэс юм. Түүний чадалтай хоолой, гайхалтай өнгө тембр бүх шүүгчдийг алмайруулж, хэлэх ч үггүй болгосон шүү.

Энэ багаас онцлох хамгийн сүүлийн хүн бол Б.Батбаяр юм. Анх удаа телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байгаа туршлага багатай тэрээр Д.Уламбаяр шүүгчийн багт орж шоугаа үргэлжлүүлэх боллоо. Дараа шатанд хэнтэй ямар дуу дуулахыг Д.Уламбаяр шүүгч маань л мэдэж дээ.

 Ийнхүү Д.Уламбаяр шүүгчийн 17 тэсрэх бөмбөг мэт эрч хүчтэй залуусын халз тулааныг хүлээх л үлдлээ дээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.