МОНГОЛЫН БҮСГҮЙЧҮҮД ДЭЛХИЙН ЦОМООС ДАХИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомын тэмцээний “Б” хэсэгт БНХАУ-ын багт 9:1-ээр хожигдож, Беларусийг 6:4, Румынийг 8:2-ийн харьцаатай буулгаж авснаар хоёрт эрэмбэлэгдэн АНУ-ын бөхчүүдийн эсрэг гуравдугаар байрын төлөөх барилдааныг хийхэд 50 кг-ийн жинд ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, Нэгдсэн улсын чөлөөт бөхийн хөнгөн жингийн тамирчдын чансааг тэргүүлэгч, өсвөрийн ДАШТ-ий хошой алтан медальт Виктория Энтонид ялагдсан юм. Хэдийгээр Э.Нарангэрэл эхний минутанд ард нь гарч хоёр оноо авсан ч зүүн хөлөө алдаж даралтанд орох дөхсөн. Гэхдээ амжилттай хамгаалж чадсан юм. Гэвч 4:2-оор хошуучилж эхэлсэн Америкийн бөх дахин амжилттай даралтанд оруулснаар барилдаан дууссан юм. Монголын бүсгүйчүүд ийнхүү ялагдлаар хүрэл медалийн төлөөх барилдааныг эхлүүлсэн ч дараагийн дөрвөн жинд дараалан ялалт байгууллаа.

53 кг-д энэ жилийн ААШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумьяа, АНУ-ын бөх Сара Хильдебранттай барилдлаа. Энэ жинд мөн л Монголын бөх эхний оноог авч эхний үед 3:0-ээр хошуучилсан юм. Монголын эмэгтэй бөхчүүд 2013 онд Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтаа гаргахад Э.Сумьяа барилдаж байлаа. Түүнээс Монголын бүсгүйчүүд хоёр удаа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн юм. Энэ барилдааны хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Э.Сумьяа дахин гурван оноо авч 6:0-ээр тэргүүлж эхэлсэн. Улмаар барилдааны цаг дуусахаас хоёр минут гаруйн хугацаа үлдээд байхад Америкийн бөх хөлд сууж шахаж эргүүлэн ард гарснаар онооны харьцаа 6:4 болж ойртоод байлаа. Монголын бөхчүүд хэсгийн шатанд эхний барилдаанаа БНХАУ-ын багийн эсрэг хийхэд ганц ялалтыг нь Э.Сумьяа багтаа авчирч байсан юм. Харин хэсгийн удаах хоёр барилдаанд ОУХМ Г.Отгонжаргал 53 кг-д барилдаж, Беларусын бөхөд ялагдан, Румыний бөхийг ялаад байлаа. Энэ барилдаанд 2013 оны Будапештийн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумьяа ширүүн өрсөлдөөний дүнд 10:6-ийн харьцаатай ялснаар хоёр баг хожлын харьцаа тэнцсэн юм.

55 кг-д ААШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, Америкийн багаас Жакарра Винчестертэй барилдлаа. Шүгэл дуугараад минут хагас болж байхад Монголын бөх ард нь гарч хоёр оноо авсан. Гэвч эхний үеийн сүүлийн минутанд Нэгдсэн улсын бөх мөн адил оноог тэнцүүлэн улмаар шахаж эргүүлснээр 4:2-оор тэргүүлж эхэлсэн. Улмаар эхний үе 6:2-ийн харьцаатай Винчестерийн хошуучлалаар өндөрлөлөө. Э.Даваачимэг хэсгийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсан ч Беларус, Румыний эсрэг барилдаануудын аль алинд нь багтаа ялалт авчирсан юм. Тэгвэл энэ удаагийн барилдааны сүүлийн минут хагаст Э.Даваачимэг гайхалтай барилдааныг үзүүллээ. Америкийн бөхөд торгуулийн 30 секунд тоолж байхад Э.Даваачимэг онооны харьцааг 6:5 болгосон. Улмаар 50 секунд дутуу байхад дахин гурван оноо авч 9:6-аар хошуучилж эхэлсэн. Гэхдээ даралтанд оруулж хараахан дөнгөөгүй. Ингээд эцэст нь Монголын баг 2:1-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн юм.

57 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, Америкийн бөх Аллисон Рэгантай учраа таарч барилдааны эхнээс л санаачлагыг гартаа аван онооны давуу байдлаар цэвэр ялсан юм. Барилдааны эхний хагас 8:0-ийн харьцаатай өндөрлөсөн. А.Батцэцэг хэсгийн барилдаануудад БНХАУ, Беларусийн бөхчүүдэд ялагдсан ч сүүлийн тойрогт Румыний бөхийг 11:5-аар ялж байлаа. 2014 оны залуучуудын ДАШТ-ий алтан медальт, өнгөрсөн жил 23 хүртэлх насныхны ДАШТ-ээс медаль хүртсэн монголын анхны тамирчин болж байсан , энэ сарын эхээр ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн А.Батцэцэг хэрэгтэй байсан хоёр оноогоо цаг дуусахаас минут 40 секундын өмнө авч барилдаан 10:0-ийн харьцаатай өндөрлөснөөр Монголын баг 3:1-ээр тэргүүлэх болсон юм.

59 кг-д ААШТ-ий хүрэл медальт Баатаржавын Шоовдор Америкийн бөх Кайла Миракльтай барилдлаа. Б.Шоовдор хэсгийн барилдаанд ААШТ-д түрүүлсэн Хятадын бөх Рон Ниннингэд ялагдсан бол удаах барилдаанд нь Беларусын бөхийг 14:3-ийн харьцаатай буулгаж авсан. Харин сүүлийн тойрогт Румыний бөх барилдаагүй. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд эхний үед 4:0-ээр хожигдож байлаа. Барилдааны сүүлийн хоёр минут маш сонирхолтой өрнөсөн. Б.Шоовдор онооны харьцааг 4:3 болгож ойртуулаад байлаа. Улмаар цаг дуусахаас 30 секундын өмнө 5:4-өөр тэргүүлж эхэлсэн. Ингээд оноо өөрчлөгдөлгүй цаг дуусч Монголын баг 4:1-ийн харьцаатай хошуучлах болсон юм. Сүүлийн таван дэлхийн цомын тэмцээнд Монголын бүсгүйчүүд ямартай ч АНУ-ын багийн дээр эрэмблэгдэж байгаа. Тэрхүү цувралыг үргэлжлүүлэхийн тулд Монголын багт дахиад хоёр ялалт хэрэгтэй байсан юм.

МУГТ П.ОРХОН, С.БАТЦЭЦЭГ НАР ЯЛАГДСАН Ч АНУ-ЫН БАГИЙГ 6:4-ӨӨР БУУЛГАЖ АВЛАА

62 кг-д өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Азийн аварга, сүүлийн гурван жил дараалан Иван Ярыгиний “Алтан Гранпри” тэмцээнд түрүүлээд байгаа, МУГТ Пүрэвдоржийн Орхон, Америкийн тамирчин Мэллори Велтед ялагдал хүлээлээ. Хэдийгээр П.Орхон барилдааны эхний оноог авсан ч удалгүй ардаа алдаж, өрсөлдөгч нь шахаж эргүүлснээр 4:2-оор хожигдож эхэлсэн. Барилдааны эхний үе 6:3-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Өнгөрсөн жилийн сүүлээр болсон Дэлхийн цомд П.Орхон яг энэхүү бөхийг цэвэр ялж багтаа ялалт авчирч байлаа. Харин энэ удаад хоёрдугаар үед, тодруулбал барилдааны цаг дуусахад хоёр минут хагас дутуу байхад П.Орхон цэвэр ялах тун дөхсөн. Харамсалтай нь хараахан чадаагүй 7:5-аар Америкийн тамирчин тэргүүлж байлаа. Гэхдээ П.Орхон сүүлийн минут эхэлж байхад онооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Ингээд ялалт байгуулахад тун ойрхон байлаа. Гэвч сүүлийн секундүүдэд оноо алдаж, улмаар нөхөж чадсангүй барилдаан 11:9-ийн харьцаатай өндөрлөлөө. П.Орхон Хятадын багийн эсрэг эхний тойрогт барилдаагүй, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхөд цэвэр ялагдсан, товчхондоо энэхүү дэлхийн цомд нэг ч ялсангүй. Тэрбээр өнгөрсөн дөрвөн барилдаандаа бүгдэд нь цэвэр ялж байлаа. Ингээд нийлбэр дүн 4:2 болж ойртсон юм.

Тэгвэл Монголын багийн тав дахь ялалтыг 68 кг-ийн жинд Шархүүгийн Түмэнцэцэг багтаа авчирлаа. Түмэнцэцэг эхлээд торгуулиар оноо алдаж, улмаар Америкийн бөх Тамыра Менса эхний үед хошуучиллаа. Өнгөрсөн жилийн сүүлээр болсон дэлхийн цомд МУГТ, ХБ Соронзонболдын Батцэцэг энэхүү Тамыра Менсаг гайхалтай буулган авч 8:7-ийн харьцаатай ялж байсан. Харин энэ удаад хоёрдугаар үе эхлээд Америкийн тамирчин 5:0-ээр тэргүүлж байсан ч хоёр минут 10 секундэд Ш.Түмэнцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялалтаар буулган авснаар тун чухал ялалтыг авчирсан юм. Ийнхүү Монголын бүсгүйчүүд 5:3-ийн харьцаатай тэргүүлсэн.

Энэ өдөр Америкийн багаас алдарт тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга, өөрөөр хэлбэл гурван алт, хошой хүрэл гээд таван медальт Аделин Грэй 76 кг-д Амгаланбаатарын Чанцалмаатай барилдаж онооны зөрүүгээр цэвэр ялагдлаа. А.Чанцалмаа барилдаан эхлээд минут хагас оноо алдаагүй ч эхний үеийн дунд 20 секундын дотор Америкийн бөх дараалан 10 оноо авч ялалтанд хүрсэн юм. Аделин Грей энэ тэмцээнд бүх өрсөлдөгчөө ялсан. Харамсалтай нь баг нь Японы багт ялагдсанаар хүрэл медалийн төлөө тунаж, эцэст нь дөрөвт орсон юм.

Учир нь 72 кг-ийн жинд МУГТ, саяхан болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт Очирбатын Насанбурмаа, Америкийн тамирчин Виктория Фрэнсистэй барилдаж багийнхаа зургаа дахь ялалтыг авчирсан юм. О.Насанбурмаа гавьяат барилдааны эхэнд 6:0-ээр тэргүүлж байлаа. Тэрбээр өмнө нь 2013 онд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цомоос мөнгө, 2015 онд Санкт Петербург хотноо болсон энэ тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Эмэгтэй бөхчүүдийн чөлөөт барилдааны 17 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээнд Монголын баг ес дэх удаагаа оролцож дөрөв дэх медалиа хүртсэн юм. О.Насанбурмаа энэ барилдаанд 11:3-ийн харьцаатай дийллээ.

Ийнхүү Монголын бөхчүүд 6:3-ийн харьцаатай хошуучилж Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь дараалсан хүрэл медалиа хүртлээ. Өөрөөр хэлбэл хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхчүүдийг гурав дараалан яллаа. Өмнө нь Санк Петербург, Чебоксарт болсон тэмцээнүүдэд тус бүрт нь 5:3-ийн харьцаатай хожиж байсан юм.