ТҮҮХЭН БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААСАЙ

Photo credit to CNN

 Америк-Хойд Солонгосын Уулзалт

Хойд Солонгосын дарга Ким, Америкийн ерөнхийлөгч Трампын уулзалтыг эх нутагтаа зохион байгуулах санаачлагыг Монголын төр, засгийн удирдлага цаг алдалгүй, зоригтой зарлах хэрэгтэй. Ийм санаачлагыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө төсөв шаардна. Гэхдээ эл санаачилга нь Монгол улсын гадаад бодлогын суурь зарчим, бүс нутагт явуулж буй бодлогод нийцэж байгаа тул олон улсад даруй зарлаж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь чухал. Хэдийгээр хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг Монголд хийх боломж бага ч гэсэн, удаах түвшиний уулзалт, дагалдах хэлэлцээг Улаанбаатарт хийхийг үгүйсгэхгүй. Ийм санаачилгыг өргөн дэвшүүлснээр, Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн хэдэн жилийн турш зохион байгуулагдсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний утга агуулгыг баяжуулж, БНАСАУ, АНУ-ыг оролцуулсан бүс нутгийн уулзалтыг жинхэнэ утгаар нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

Хойд Солонгос – Америкийн зөрчил даамжирах бүрд дэлхийн дахины анхаарал Зүүн Хойд Азийн бүс нутагт төвлөрдөг. Гэвч Хойд Солонгос болон бусад сөргөлдөгч талуудын хооронд зуулчлах, ая эвийг хангах талаар Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг олон улсын түвшинд төдийлөн үнэлж, ач холбогдол өгдөггүй. Гэтэл бүс нутгийнхаа бүх улстай нөхөрсөг харилцаатай цорын ганц улс бол Монгол улс гэдэг маш чухал давуу тал бий.

Дэлхий нийтийн анхаарал Солонгосын хойг дээр төвлөрч байгаа үед энэ санаачлагыг цаг алдалгүй гаргах нь хоёр хөрштэй харилцааг сайжруулахын дээр гуравдагч хөршийн бодлогыг улам бэхжүүлэх ач холбогдолтой. Монгол улсын гадаад бодлогын тулгуур зарчим нь хоёр хөрштэй тэнцвэртэй, найрсаг харилцааг хөгжүүлж, эл тэнцвэрийг хадгалахад гуравдагч хөршүүдтэй харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Гуравдагч хөршүүдтэй хөгжүүлж буй харилцаа нь зөвхөн аюулгүй байдлын төдийгүй, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Өнөөг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга болон засгийн газрын гишүүдийн зүгээс хэн нь ч гуравдагч хөршийн бодлогоос татгалзаж байгаа мэдэгдэл хийсэн тохиолдол байхгүй. Энэ нь олон улсын зүгээс гуравдагч хөршийн бодлого хэвээр үргэлжиж байгаад итгэж байгаа нь ойлгомжтой. Үүнээс гадна, энэхүү санаачлага нь Монгол Улс 2020 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох зорилгод нийцэж, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл болох нь дамжиггүй.

Одоогоор Ким Жон-Ун болон Доналд Трампын уулзалт хэзээ, хаана болох нь тодорхойгүй хэвээр л байна. Хэрэв дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болбол, эхний уулзалт нь хоёр Солонгосын цэрэггүй бүст болох магадлал өндөр. Харин, хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, саяханы Улаанбаатарын яриа хэлэлцээнд Гадаад хэргийн дэд сайд Ри Ёнг-хо оролцсоныг бодолцвол дараа дараагийн уулзалтыг зохион байгуулах, хамгийн ойр, төвийн сахисан байрлал нь Улаанбаатар байх боломжтой.

Ийм боломжит хувилбарыг АНУ, БНАСАУ-ын засаг захиргаа нухацтай авч үзэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд албан ёсоор, нийтэд зарлан “урих” хэрэгтэй болов уу. Өнөөдрийн Монголын төр, засгийн удирдлагын дийлэнх нь Хойд Солонгост айлчилсан, бодит байдлыг мэддэг хүмүүс. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2 дугаар сард Монгол-Хойд Солонгосын харилцааны 70 жилийн ойг Пхеньянд тэмдэглээд ирсэн билээ. Хойд Солонгостой тогтоосон уламжлалт харилцаа, удаан нөхөрлөл, арвин туршлагатай өөр зуучлагч улс нэн ховор.

Хэрэв энэ уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдвал, хот цэрэгжиж, цагдаажсан байдалд шилжиж, замын түгжрэл улам нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийн хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь жижиг улсын гадаад харилцааны асар чухал амжилт болох төдийгүй, эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Энэ түүхэн боломжийг Монголын төр, засгийн удирдлага бүү алдаасай.

Жулъян Диркес Бритиш Колумбиагийн их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор

Жаргалсайханы Мэндээ Улс төр судлалын докторантур, Бритиш Колумбиагийн их сургууль