Цуцашгүй хүчирхэг хоолой, ундарсан авьяастай А.Болормаа

The Voice of Mongolia шоуны эхний шатны шалгаруулалт дуу алдам авьяас, өрсөлдөөн буцалсан гайхамшигтай тоглолтуудаар өндөрлөсөн билээ. Монголд анх удаа зохиогдож буй The Voice шоунд цөөнгүй мэргэжлийн дуучид хүчээ сорьж байгаагийн нэг нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа юм. Түүний цуцашгүй хүчирхэг хоолой үзэж буй хүн бүрт гайхширал төрүүлж байсан нь лавтай. Магадгүй уран бүтээлч хүн өөрийн гэсэн онцлог чанар, этгээд, өвөрмөц байдлаар хүнд илүү хоногшдог бол тэр үнэхээр тийм байж чадлаа. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Харин түүнийх нь шалтгаан The Voice шоунд оролцох байсан болов уу хэмээн тэр тайзан дээр хэлсэн билээ. Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг МУАЖ Г.Хайдав гуай олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Ямар ч байсан Д.Отгонбаяр шүүгч шоуны хамгийн сүүлчийн хамгийн хүчирхэг оролцогчийг багтаа авч чадлаа. Энэ долоо хоногт өгсөн нэгэн ярилцлагатаа тэрээр маш чадварлаг, жаахан өнгөлөхөд л гялалзах авьяастныг багтаа авмаар байна хэмээн хэлж байсан нь биелж, хамгийн үнэт эрднийн нэгээр хүчээ зузаатгаж чадсан юм.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.