Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 280.000 орчим хүүхэд байдаг. Эдгээрийн 206.400 нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн нь боловсролын байгууллагын хүрэлцээгүй байдлаас болж хаалттай хаалганы цаана үлджээ. Тэгвэл цэцэрлэгт хамрагдсан хүүхэд болон гэртээ байгаа хүүхэд сургуульд элсэн орж боловсрол эзэмшихэд эрс ялгаатай байдаг байна. Тухайлбал гэрээр хүмүүжсэн хүүхэд сургуульд дасан зохицоход 3-4 сарын хугацаа зарцуулдаг аж.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 24 сургуульд суралцаж байгаа нэгдүгээр ангийн сурагчдын дасан зохицох, суралцах чадварыг дүгнэж, судалгаанд хамруулсан. Судалгаагаар сургуульд элсэн орохоосоо өмнө цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд, гэрээр хүмүүжсэн хүүхдүүдээс тодорхой хэмжээний ялгаа ажиглагджээ. Хэдийгээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогтой холбоотойгоор хүүхдийн сурах арга барил, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар өөр байдаг ч гэрээр хүмүүжсэн хүүхдүүд, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдээс тодорхой түвшинд өөр байжээ. Гэтэл цэцэрлэгт хамрагдсан хүүхэд зөв төлөвшил буюу цай, хоолоо бие дааж идэх, өөрөө хувцаслах, хувцсаа эвхэх, тоглоомуудаа хураах, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадалтай, хамт олонч болох эхлэл тавигддаг. Харин гэрээр хүмүүжиж байгаа хүүхэд цөөн хүнтэй харилцдаг, дураараа, эцэг эх нь хүүхдийн өөрөө хийж чадах үйлдлийг өмнөөс нь хийж өгдөг. Тиймээс хэдийгээр цэцэрлэггүй ч гэлээ хүүхдээ гэрээр хүмүүжүүлж байгаа тохиолдолд наад захын сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэдээ олгохгүй бол сургуульд элссэний дараа тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгарна гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn