Хамгийн эерэг хандлагатай рэгги урсгалд дурлагч залуу

The Voice бол алдагдсан мөрөөдлөө олж авах боломж юм. Тэгвэл The Voice of Mongolia нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт дарагдаж үлдсэн мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон хамгийн өөдрөг, сэтгэл татам оролцогч бол У.Содхүү байлаа. Тэр энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон рэгги (raggae) хөгжмийг Монголд дэлгэрүүлэхийг хүсдэг залуусын нэг учраас энэ төрөлдөө томоохонд тооцогдох дууг сонгон шоунд оролцсон юм. Хэдий шүүгчид түүнийг тэнцүүлээгүй ч тэр бол яах аргагүй шоуны онцгой нэгэн оролцогч байсан юм. Өөртөө итгэлтэй байж хэмнэлээ мэдэрч, өөрийн мэдрэмжийг бусдад мэдрүүлсэн түүний илэрхийлэл гойд байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.
Хамгийн гол нь энэ шоунд амжилт үзүүлэх нь түүний зорилго биш юм. Учир нь өөдрөг, өөртөө итгэлтэй залуу маань рэгги хөгжмийн хаан Bob Marley-ийн хүү Damian Marley-ийн “Welcome to jamrock” дууг The Voice-ийн тайзан дээр өөрийн дуу хоолойгоор эгшиглүүлж чадсандаа маш сэтгэл хангалуун байгаа юм. Түүнээс гадна The Voice -ийн тайзан дээрээс тэр ингээд буух болсон ч UB Comedy элэгчлэгчийн клубт элсэж чамлахааргүй амжилт гарган үндсэн хөтлөгчдийн нэг болж чадсан байна. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн дуулахаас гадна хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн гэсэн үг. Харин хувийн амьдралын хувьд тэр саяхан МУИС-ийг гадаад харилцааны магистрын зэргээ хамгаалсан. Тэрнээс чухал зүйл гэвэл хамгийн хайртай бүсгүйтэйгээ саяхан хуримаа хийсэн байна. Тэр багаасаа л урлагт хайртай байж ирсэн бөгөөд өмнө нь амьд хөгжмийн “Шугам” хамтлагт бөмбөрчин байжээ. Хөгжим тоглохоос гадна тэр спортод ч маш сонирхолтой гэнэ. Ямартай ч тэр бол шоунд маань өнгө нэмсэн, халуун дулаан оролцогчдын нэг байлаа. Хүмүүс заримдаа мөрөөдлөө өөрөөсөө хүртэл нууж орхидог шүү дээ. Харин У.Содхүү бидэнд энэ амьдралд өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлийг заавал хийж аз жаргалтай хором мөч бүрийг хэлхэн урагшлах ёстойг санууллаа.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.