АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ДӨРӨВ ДЭХ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЛЭЭ

“ТИАНЖИН КУАНЖИАН” ТАЛБАЙДАА ХАРИУГАА АВАВ

БНХАУ-ын Тианжин хотын олимпийн цэнгэлдэхэд Азийн аваргуудын лигийн И хэсгийн тоглолт болж 2016 оны Азийн аваргуудын лигийн аварга “Чонбук Моторс” зочиллоо. Тэгвэл Аваргуудын лигт анх удаа тоглож байгаа Тианжин хотын багаас Энтони Модестегийн дамжуулалтаар Ван Ёнпо эхний гоолыг дөнгөж найм дахь минутанд орууллаа. 31 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч энэ жил багийнхаа төлөө оруулсан анхны гоол төдийгүй, Аваргуудын лигт “Тианжин”-ий нэрийн өмнөөс оруулсан анхны гоол нь байсан юм. “Тианжин Куанжиан” эхний хагаст 2:0-ээр тэргүүлэх тун дөхсөн. Харамсалтай нь Аксел Вицелийн дамжуулалтаас Энтони Модесте хаалганы хажуугаар мөргөж орхисон. Тэгвэл ердөө хоёр минутын дараа тоо тэнцсэн. Энэ хоёр баг өнгөрсөн долоо хоногт тоглоход 6:3-аар “Чонбук Моторс” бут ниргэж байлаа. Тэрхүү тоглолтонд хэт-трик хийж байсан Солонгосын багийн довтлогч Ким Шин-Вүүк энэ өдөр эхний үед онооны харьцааг тэнцүүлсэн юм. Бөмбөг нүүрний шугамаар гараагүй. Ким Шин-Вүүк аваргуудын лигт дөрөв дэх гоолоо оруулсан юм. “Чонбук Моторс” энэ тоглолтын өмнө есөн оноотой итгэл төгс хэсгээ тэргүүлж байлаа. Гэвч хоёрдугаар хагаст Хятадын баг дахин тэргүүлж эхэлсэн. Гоолын эзэн нь хамгаалагч Чжан Чен байлаа. Тэрээр өмнөх тоглолтонд “Чонбук”-ын хаалганд эхний гоолыг оруулж байсан юм. Харамсалтай нь баг нь зургаан гоол дараалан алдсан. Тэгвэл 67 дахь минутанд Солонгосын багийн Бразил хөл бөмбөгчин Адриано онооны харьцааг тэнцүүлсэн. Алсын дамжуулалтыг Ким Шин-Вүүк мөргөж, Адрианод өгсөн ч хамгаалагч тасалсан, харамсалтай нь Ким Шин-Вүүкийн хөлд ойж Адрианод бөмбөг очсон юм. Ингээд Адрианогийн цохилт ч хамгаалагчийн хөлнөөс чигээ өөрчилж хаалганд орсноор онооны харьцаа 2:2 болжээ. Гэвч энэ гоол мөн л Солонгосын аваргуудын аварсангүй. 84 дэх минутанд уралдуулж өгсөн алсын дамжуулалтаас Энтони Модесте Аваргуудын лигийн хоёр дахь, урьдчилсан плэй оффын оролцуулбал дөрөв дэх гоолоо оруулсан юм. Модестег Тианжиний баг өнгөрсөн зун Германы “Кёльн” клубээс 29 сая еврогоор авч гурван жилийн гэрээ байгуулаад байгаа. Үндсэн цаг 3:2-оор дуусч, шүүгч таван минут сунгасан. Тэгвэл гурав дахь минутанд Модестегийн дамжуулалтаас Александре Пато багийнхаа дөрөв дэх гоолыг оруулснаар тоглолт 4:2-ийн харьцаатай өндөрлөлөө. Пато Азийн аваргуудын лигт гурван тоглолт дараалан гоол орууллаа. Азийн хошой аваргууд анхны хожигдлоо хүлээж, шинэ цэргүүд хоёр дахь ялалтаа байгуулан долоо оноотой боллоо.

АЛЕКСАНДРЕ ПАТО ГУРВАН ТОГЛОЛТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛЛАА

90+2 ДАХЬ МИНУТАНД ХОЖЛЫН ГООЛ ОРОВ

И хэсгийн нөгөө тоглолт Японы Кашива хотноо болоход Хонконгийн лигийн аварга “Китчи” клубынхээ түүхэнд дэх Аваргуудын лигийн анхны ялалтаа байгуулсан юм. Энэ жил анх удаа Аваргуудын лигийн хэсгийн шатанд шалгарч өрсөлдсөн тэд үүний өмнөх гурван тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байлаа. Хамгийн сүүлд “Кашива Рейсол”-д 1:0-ээр ялагдсан юм. Хонконгийн багт Уругвайн алдарт хөл бөмбөгчин Диего Форлан тоглож байгаа. Харин энэ тоглолтын тухайд үндсэн цагт гоол ороогүй. Шүүгч гурван минут сунгасан. Тэрхүү гурван минутын хоёр дахь дуусч байхад Хонконгийн багийн хагас хамгаалагч Чен Чин Лун гайхалтай цохилтоороо хожлын гоол оруулжээ. Өдгөө дөнгөж 20 настай энэ залуугийн Аваргуудын лигт оруулсан анхны гоол төдийгүй, багийнх нь Аваргуудын лигийн анхны гоол тэдэнд ялалт авчирсан юм.

ХОНКОНГИЙН АВАРГУУД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ХОЖЛОО

Аваргуудын лигийн И хэсэгт Солонгосын “Чонбук Моторс” хожигдсон ч хошуучлалаа алдаагүй, араас нь Хятадын “Тианжин Куанжиан” хоёр оноо дутуу хоёрдугаарт бичигдэж байна. Харин Японы “Кашива Рейсол” тэдэнтэй ижил долоон оноотой болж чадсангүй, Хонконгийн “Китчи” түүхэн ялалтаа байгуулжээ.

УЭСЛИ СНЕЙДЕРИЙН БАГ ДАХИН ТЭНЦЛЭЭ

Голландын алдарт хөл бөмбөгчин Уэсли Снейдер тэргүүтэй Катарын “Аль Харафа”, Саудын Арабын “Аль Ахли”-гийн эсрэг хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний хагаст хоёр багийнхны аль аль аюултай довтолгоонуудыг хийсэн ч гоол оруулж чадсангүй. Ялангуяа “Аль Харафа”-гийн довтлогч Мехди Тареми тун ч сайн боломжийг ашиглаж чадаагүй юм. Мехди Тареми хэсгийн эхний хоёр тоглолтонд гурван гоол оруулаад байлаа. Энэ хоёр баг өнгөрсөн долоо хоногт тоглоход шүүгчийн мэдлийн цагт “Аль Харафа” тэнцэж тоглолт 1:1-ээр дуусч байлаа. Харин энэ өдөр хоёрдугаар хагасын 56 дахь минутанд Мехди Тареми эхний гоолыг оруулсан юм. Түүний Аваргуудын лигийн дөрөв дэх гоол нь байлаа. Гэвч удалгүй тоо тэнцсэн юм. Энэхүү тоглолт 1:1-ээр дуусч “Аль Ахли” хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ.

Аваргуудын лигийн Эй хэсэгт сүүлийн хоёр тойрог ялагч тодорсонгүй. “Аль Ахли” дөрвөн тоглолтоос найман оноотой тэргүүлж “Аль Жазира”, “Аль Харафа” багууд тус бүр таван оноотой удаах байруудад эрэмблэгдэж байна. Тэд дараагийн тойрогт хоорондоо тоглоно.

“ГУАНЖОУ ЭВЕРГРАНД” ДАХИН ХОЖИЖ ХЭСГЭЭС ШАЛГАРАХАД ОЙРТЛОО

 

 

Хятадын аварга “Гуанжоу Эвергранд” Солонгосын Чежү хотноо зочилж хоёр баг Жи хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өнгөрсөн долоо хоногт энэ хоёр багийн тоглолт 5:3-ийн харьцаатай Хятадын ялалтаар өндөрлөж байлаа. Харин энэ өдөр 27 дахь минутанд эхний гоол орсон. Серби хөл бөмбөгчин Неманья Гудель торгуулийн бүсийн гаднаас хийсэн хүчирхэг цохилтоороо шинэ багийнхаа төлөө анхны гоолоо оруулсан. Одоо 26 настай энэ залуу оны эхээр Гуанжоу хотын багт нэгдсэн юм. Улмаар 10 минутын дараа Бразил хөл бөмбөгчин Алан онооны харьцааг 2:0 болголоо. Энэ тоглолтын хоёрдугаар хагаст гоол ороогүй. “Гуанжоу Эвергранд” хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж гурван онооны зөрүүтэй хэсгээ тэргүүлж эхэллээ.

ТАЙЛАНДЫН АВАРГУУД ОСАКАД ТЭНЦЛЭЭ

Жи хэсгийн нөгөө тоглолт Японы Осака хотноо болж Тайландын лигийн аварга “Бурирам Юнайтед” зочиллоо. “Бурирам Юнайтед” өнгөрсөн долоо хоногт 2:0-ийн харьцаатай “Серезо Осака”-г талбайдаа хожиж байсан. Тэгвэл энэ өдөр ч Тайландын хошуучилж эхэлсэн. Гэхдээ булангийн цохилтоос Японы багийн Солонгос хөл бөмбөгчин Ян Дон-Хюн өөрийн хаалгандаа бөмбөг оруулсан юм. Тэгвэл Ян Дон-Хюн хоёрдугаар хагаст гайхалтай мөргөлтөөр онооны харьцааг 1:1 тэнцүүлсэн байна. Одоо 31 настай довтлогч оны эхээр Японы багтай гэрээ байгуулж, анхны гоолоо оруулсан юм. Гэвч удалгүй зочид дахин булангийн цохилтоос хошуучилж эхэлсэн. Бразил довтлогч Диого гоолын эзэн нь байлаа. 30 настай тэрээр шинэ улирал эхлээд найман тоглолтонд зургаа дахь гоолоо оруулсан нь энэ байсан юм. Тэгвэл үндсэн цаг өндөрлөхөөс хоёр минутын өмнө талбайн эзэд дахин тоог тэнцүүлснээр тоглолт 2:2-ийн харьцаатай дууслаа. Ийнхүү хоёр баг ижил таван оноотой болсон юм.

Аваргуудын лигийн Жи хэсэгт “Гуанжоу Эвергранд” хожигдолгүй тэргүүлж, дараагийн шатанд тун ойртоод байна. Тэд тав дахь тоглолтоо ирэх сарын дундуур “Серезо Осака”-гийн эсрэг Гуанжоу хотноо хийнэ. “Бурирам Юнайтед” түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигт хэсгээс шалгарахаар зорьж байна.