Б.ГАНБОЛД ХАРААХАН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ

Б.ГАНБОЛД СОЧИД 1 КМ ЗАМЫГ 4’26’’-Д ТУУЛСАН БОЛ ПЁНЧАНД 1.5 КМ-Т 3’58’’-Д ЗАРЦУУЛАВ

БНСУ-ын Пёнчаны Алпенсиа Биатлоны төвд өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж ойрын зайн уралдаанууд боллоо. Эрэгтэй, эмэгтэй 1.1 км-ийн суугаа уралдаан, 1.5 км-ийн сонгомол техникийн босоо уралдаан, харааны бэрхшээлтэй иргэдийн мөн сонгомол техникийн хөтөчтэй уралдаанууд сонгон шалгаруулалт, хагас шигшээ, шигшээ гэсэн үндсэн гурван шаттай явагдлаа. Уралдааны үеэр зам зөөлөн цасаар хучигдсан, нэг хэмийн хүйтэн байсан бол агаарт 11 хэм дулаан, салхи 8 км/ц-ийн хурдтай байлаа.

Б.Ганболдын хувьд сонгомол техникийн 1.5 км-т өрсөлдсөн. Тэрбээр дөрвөн жилийн өмнөх Сочигийн паралимпийн богино зайн сонгомол техникийн уралдаанд 1 км замыг 4:26.65 секундэд туулж, тэргүүлэгчээс 51.25 секундээр хоцорсноор хагас шигшээд шалгарч чадаагүй юм. Харин энэ удаад 82 дугаарын хантаазтай, 12-р байрлалаас гарч уралдлаа. Нийт 15 орны 24 тамирчин оролцсон. Б.Ганболдын яг араас нь Казакстаны тамирчин, өдгөө 45 настай Александр Колядкин гарч уралдан энэхүү сонгон шалгаруулах уралдаан хамгийн хурдан замаа туулсан юм. Б.Ганболд өнгөрөгч 12-нд 20 км-ийн зайд уралдаж, тэргүүлэгчээс 10:39.6 секунд хоцорсноор 18 тамирчнаас 16-р байранд ороод байлаа. Тэгвэл тэрбээр эх орноосоо мордохын өмнөхөн яг энэхүү богино зайн уралдаанд хагас шигшээд шалгарахыг гол зорилгоо болгон хичээж байгаа тухайгаа ярьж байсан юм.

Энэ гараанд японы тамирчин 2010 оны Ванкуверийн олимпийн хошой алтан медальт, өдгөө 37 настай Ёшихиро Нитта 3:38.74 секундээр хамгийн хурдан цагийг үзүүлээд байсан бол Казакстаны тамирчин Александр Колядкин түүнээс 2.09 секундээр хурдан барианд орж хошуучиллаа. Харин араас нь манай цаначин Б.Ганболд түүнээс 21.40 секундын алдагдалтай 3:58.05 секундэд барианд орсон нь дөрвөн жилийн өмнөх олимпийн үзүүлэлтээ огцом ахиулсан амжилт байлаа. Харамсалтай нь тэрбээр 14-р байранд эрэмблэгдэж, дараагийн шатанд шалгарч хараахан чадсангүй. Эхний 12 тамирчин хагас шигшээд шалгарч уралдаанаа үргэлжлүүллээ. Харин Б.Ганболд ердөө 1.33 секундын илүүгээр уралдаанаа дуусгасан юм.

Одоо тэрбээр ирэх 17-ны өглөө 9:15 минутаас сүүлийн уралдаанаа сонгомол техникээр 10 км-ийн зайд хийнэ.

Б.ГАНБОЛД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАХАД 1.33 СЕКУНД ИЛҮҮДЛЭЭ