110 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музейн барилгад сэргээн засвар хийх шаардлагатай байна

Азийн ховор барилгын санд бүртгэлтэй зарим барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, сэргээн засварлах ажил бүрэн хийгдээгүйн улмаас үнэт үзмэрүүд гэмтэх нөхцөл бүрдсэн гэдгийг өмнө нь НМХГ-аас мэдээлж байсан. Тэр тусмаа 110 жилийн настай Чойжин ламын сүм музейн дээврийг засварлаагүйн улмаас Зуугийн сүмийн “цаасан шуумал”-ууд норж, гэмтэх тохиолдол гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Чойжин ламын сүм музейн барилгад хэсэгчилсэн засвар хийсэн ч цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас дээврийн эвдрэлтэй хэсгээр дамжуулан бороо, цасны ус гоожих, нэвчих эрсдэлтэй байгаа учраас одоогийн байдлаар музейн дээвэрт хэсэгчилсэн байдлаар гялгар уутаар бүтээжээ. Энэ нь түүх соёлын дурсгал сэргээн засварлах мэргэжлийн байгууллага байхгүй, музейн зүгээс өөрсдөө засвар хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой. Учир нь улсдаа ганц байсан түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1992 онд хувьчилж, эцэстээ манай улс энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагагүй болсон. Мөн түүх соёлын өв сэргээн засварлах хөтөлбөр 2015 онд дуусгавар болсноор барилга байгууламж сэргээн засах ажил урагшлахгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс энэ хөтөлбөрийг эргэн харж, монголын түүх соёлын дурсгал болсон музейн барилгад анхаарал хандуулж, бүрэн засвар хийх шаардлага тулгараад байна.

 

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn