Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хөрөнгө оруулалтын гэрээг зөрчих эрхийг олгожээ

Өнгөрөн оны 7 сараас эхлэн Оюутолгой компани эрчим хүчээ 100% дотоодоос хангах ёстой байв. Гэвч өнөөдрийг хүртэл “Оюу толгой” ХХК тодруулбал хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани энэ үүргээ биелүүлээгүй шалтгаан нь “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-тэй холбоотой байсныг сар гаруйн өмнө эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлгэж, засгийн гэрээг цуцалсан юм.

2014 оны 8 сарын 14 нд байгуулсан энэ гэрээнд засгийн газрын төлөөлж эрчим хүчний сайд асан М.Сономпил, эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С. Отгонбаяр нар гарын үсэг зурсан бол “Оюу толгой” компанийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэ гэрээгээр дан ганц хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлээд зогсоогүй. Гэрээг цуцаллаа гэхэд “Оюу толгой” ХХК-ийн хүлээх үүрэг гэрээг цуцалсан өдрөөс дахин 4 жил байх заалтыг ч оруулсан байгаа юм. Монгол улсын их хуралын баталсан хөрөнгө оруулалтын гэрээг ноцтой зөрчсөн гэх “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г үзэглэх эрхийг 2014 оны 7 сарын 2 ны өдөр ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.

Мөн гэрээг 8.14 нд төрийн ордноо үзэглэсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд Алтанхуяг сайд өөрийн биеэр оролцжээ. Харин хөрөнгө оруулагчийн талаас тухайн үеийн “Рио Тинто”” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак оролцож байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл таван толгойн цахилгаан станц баригдаагүй нь “Рио Тинто” өмнөд бүсийн эрчим хүчний Таван толгой станцын төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хугацаа хожих гэсэн алхам байсан гэж хардах төлөөлөл байгаа юм. Ямар ч байсан УИХ-аар батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж түдгэлзүүлсэн гэх асуудалд АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Ч.Дэлгэрцэцэг