Хүүхдийг өнчин гэдгийг нь мэдрүүлэх нь хожуу үед сэтгэцийн эмгэг болох эрсдэлтэй

Ямар нэг баяр ёслолын үеэр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд бичсэн захидал, гар урлалын бүтээлээрээ аав, ээжүүддээ бэлэг барьдаг. Харамсалтай нь нэг ангид аав, ээжгүй өсч торниж байгаа хүүхдүүд байдаг учраас энэ үед тэдний хувьд бяцхан зүрхэндээ эмзэглээд өнгөрдөг тохиолдол бий. Гэхдээ хүүхдийн ийм эмзэг мэдрэмж олон давтагдах нь тодорхой хугацааны дараа сэтгэцийн эмгэг болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цаашид энэ асуудалд багш нарыг илүү мэдрэмжтэй бас анхааралтай хандахыг сэтгэл судлаач зөвлөж байна. Учир нь нэг ангид дунджаар 40 гаруй хүүхэд сурдаг гэж тооцоход зарим хүүхдийн эцэг эх тэнгэрийн орныг, харин зарим нь харийн орныг зорьсон гээд аав, ээжгүй өсч бяцхан зүрхэндээ шаналж байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл олон нийтийн сүлжээнд иргэдийн бичсэнээр: <<Ээжүүдээ цэцэрлэг сургууль дээрээ мартын 8-нд зориулж арга хэмжээ зохиохыг эсэргүүцмээр санагдлаа. Бүгд ээждээ зориулж дуу дуулаад нэг сарнай барьж ээждээ очиж байгааг харах хөөрхөн ч ээжгүй хүүхдүүд нүдэндээ нулимстай хэн дээр очихоо мэдэхгүй зогсож харах өрөвдөлтэй юм. Гэтэл цэргийн баяраар аавуудад зориулсан арга хэмжээ зохиогоод “өрх толгойлсон” ээжүүдийн хүүхдүүдийн нулимсыг үзэх үү>> гэжээ. Гадны улс орны боловсролын байгууллагад хүүхдийн эрх, сэтгэл зүйн байдлыг ихээхэн анхаардаг учраас аливаа баяраар заавал эцэг, эхчүүддээ захидал бичих, гар урлалын бүтээл хийж өгөхийг тулгадаггүй. Харин сонголтоороо хийж бэлэглэх боломжийг багш нар олгодог юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn