2.8 сая америк долларын санхүүжилттэй гэр хорооллын жорлонг сайжруулах төсөл хэрэгжинэ

-БЗД-ийн 27-р хороо, СХД-ийн 6,7-р хороонд хөрс бохирдуулахгүй 1500 жорлон барих төсөл хэрэгжинэ-

Улсын хэмжээнд нийт хүн амын 60% буюу 1 сая 800 мянга гаруй хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа байна. Тэгвэл “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр эдгээр 1,8 сая иргэний хэрэглэж байгаа гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох, стандартад нийцүүлэх арга хэмжээ авахаар тусгагджээ.

Үүнд: Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хүн амын эзлэх хувь 2017-2018 онд 43%-д, 2021 онд 45%-д хүргэх бол, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хот суурин газрын хүн амын эзлэх хувь 2017-2018 онд 60%-д, 2021 онд 80%-д хүргэхээр тус тус тогтоосон байдаг.

Өнгөрсөн оноос хойш хэрэгжиж эхэлсэн Байгаль орчин аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл” нь Япон улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн буцалтгүй тусламжийн 2,8 сая америк доллар буюу 6 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй юм байна.

-1500 эко жорлонгоос гарах ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулж бордоо хийнэ-

Буцалтгүй тусламжаар олгогдох 2,8 сая америк доллар буюу 6 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл 2017-2020 он хүртэл хэрэгжинэ. Уг төсөлд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6,7-р хорооны айл өрхүүд хамрагдахаар болсон. Төслийн хүрээнд уг хоёр дүүргийн гурван хороонд тус бүр 500 ширхэг, нийт 1500 сайжруулсан ариун цэврийн байгууламжийг суурилуулах юм. Төсөлд нийт 1500 өрхийн 6000 гаруй иргэн хамрагдаж хашаандаа хөрс бохирдуулахгүй доторлогоотой, бохирыг цэвэрлэж соруулдаг эко ариун цэврийн байгууламжтай болох юм.

-Төсөл эко жорлон, лаг боловсруулах техникийн бааз, олон нийтийн сурталчилгаа гэсэн гурван хэсгээс бүрдэнэ-

“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрэхээр тооцсон.

Нэгдүгээрт ариун цэврийн байгууламжийг сайжруулж хөрсний бохирдлыг бууруулах, ингэснээр хөрсний бохирдлоос үүдэлтэй хүн амын халдварт өвчлөл буурна. Хоёрдугаарт эко жорлонгоос гарах хүний өтгөн, шингэн ялгадсыг боловсруулан бордоо болгож эдийн засгийн эргэлтэд оруулах,

Гуравдугаарт төслийн үр дүн болох эдийн засгийн ашигтай сайжруулсан жорлонг олон нийтэд сурталчлан таниулах ажлуудыг хийх юм.

Төсөл 2020 оны 12-р сард бүрэн хэрэгжиж дуусна. Ийнхүү эдийн засгийн ашигтай, байгаль орчинд хоргүй жорлонгийн шийдлийг бий болгож хөрсний бохирдол, хүн амын дундах халдварт өвчнийг бууруулж нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хувьд үр ашгаа өгнө гэж үзэж байгаа юм.

Б.Хулан