Хүүхдүүд музейн гол үзэгч учраас сурагчдад үнэ төлбөргүй үйлчилдэг болох шаардлага бий

Дэлхийн чиг хандлагаар музейн гол үзэгчид нь ЕБС-ийн сурагчид байдаг бөгөөд энэ ч утгаараа түүхийн мэдлэг олгох зорилгоор хүүхдүүд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг олгосон байдаг. Тэгвэл энэ чиг хандлагын дагуу сурагчид музейг үнэ төлбөргүй үзэж, танин мэдэх боломжоор хангах шаардлагатай гэж Монголын үндэсний музейн удирдлагууд үзэж байна. Учир нь толгой музей гэгддэг Монголын үндэсний музейг жилдээ 70.000-80.000 хүн үзэж сонирхдог бол өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Нээлттэй музей”-н өдрүүдэд 77.300 орчим үзэгч чулуун зэвсгийн үеэс өнөөдрийг хүртэлх үеийн түүхээр аялжээ. Энэ нь иргэдэд музей үзэх оюуны цангаа байсан гэдгийг илтгэж байгаа юм. Тэр дундаа 21.000 нь насанд хүрэгч, 10.000 нь оюутан залуус, харин дийлэнх хувь нь ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн багачууд байсан нь музей үзэгчдийн зорилтот насыг харуулж байна. Үүнээс гадна иргэдэд музей үзэх эрэлт, шаардлага, оюуны хэрэгцээ байгаа гэдгийг баталжээ. Тиймээс энэ асуудлын дагуу Монголын үндэсний музейгээс БСШУСЯ-нд хүсэлтээ илэрхийлжээ. Дашрамд дурьдахад дэлхийн чиг хандлагаа дагаад үзмэрүүдээ дижитал аргаар үзүүлэх, шаардлагатай зарим үзмэрийг 3D байдлаар үзүүлэхээр Монголын үндэсний музейгээс төлөвлөжээ. Мэдээллийг эх сурвалжийн ярилцлагатай нь бүтнээр үзнэ үү…

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn