Бага боловсролын сургалтын төлөвлөгөөнд гэрийн даалгавар нарийн тусгагдаагүй байна

Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд гэрийн даалгавар их байгааг шүүмжилдэг. Тэгвэл хүүхдийг хэтэрхий их даалгавраар шахах нь сурах сонирхолгүй болгох эрсдэлтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Харин дээрх хуудас бол ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчийн нэг өдрийн гэрийн даалгаврын тэмдэглэгээ юм.

Үүнд: Монгол хэл, Математик, Хүн орчин зэрэг хичээлийн даалгаврууд багтсан байгаа юм. Дээрх зургийг 1-р ангийн сурагчийн ээж олон нийтийн сүлжээнд нийтэлж эдгээр даалгавраас зөвхөн хичээнгүй бичиг гэхэд А4 цаасны хоёр нүүрт багтаж байгааг дурдсан байна. Тэгвэл бага ангийн хоёр хүүхэдтэй өөр нэгэн ээжээс хүүхдийн гэрийн даалгавар ямар байдаг талаар тодруулахад гуравдугаар ангийн хүүхдийнхээ даалгаврыг 2 цагт, нэгдүгээр ангийнхаа хүүхдийн даалгаврыг 3-4 цагт багтааж хийлгэдэг болохыг ярьсан юм.

Манай улсад бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэхүү хөтөлбөрийн төлөвлөгөөнд сурагчдын гэрийн даалгавар ямар байх талаар нарийн тодорхой тусгаж өгөөгүй байдаг байна.

Харин 1-5 дугаар ангийн сурагчдын хичээл хийх ачаалал буюу сургуул дээр өнгөрөөх цагийг тусгаж өгсөн байна.

Уг нь бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанд даалгаврыг бага багаар, эцэг эхийн оролцоотойгоор хийх нь хүүхэд хичээл дээр олж авсан мэдлэгээ бататгах, цаашлаад бие даан суралцахад эерэг нөлөөтэй гэдгийг туршлагатай багш нар зөвлөж байгаа юм.

Мөн нөгөө талаас нийслэл хотын хүн амын төвлөрөл сургуулийн хүрэлцээнээс шалтгаалж нийт сургуулийн 30 хувь нь гурван ээлжээр ачаалалтай хичээллэж байна. Энэ нөхцөлд сургалтын агуулга хөтөлбөрийг хоцроохгүйн тулд гэрийн даалгаврыг ихэсгэж байгааг үгүйсгэж болохгүй юм. Тиймээс бага насны хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон арга зүй стандартаар гэрийн даалгаврыг өгөх шаардлага байгаа юм.

Б.Хулан