Агаарын бохирдол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон хөгжих эрхийг зөрчиж байна

“Гүнж” төв өнгөрсөн онд агаарын бохирдол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон хөгжих эрхэд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж нөхөн үржихүйн 15-49 насны 60 эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулжээ.

Ингээд судалгаанаас онцлох 9 баримт, тоон мэдээллийг хүргэе.

Баримт 1: Утаатай үед жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн 60 хувийнх нь жирэмсний тээлт хүндрэлтэй байжээ.

Баримт 2: Утааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд сард дунджаар 15,000-600,000 мянган төгрөгийн зардал гаргасан байна.

Баримт 3:Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 51.3 хувь нь амны хаалт огт хэрэглэдэггүй гэжээ

Баримт 4:Жирэмслэлт нь амжилтгүй болсон хоёр эмэгтэй тутмын 1 нь ойрын хугацаанд дахиж жирэмслэхгүй гэж төлөвлөжээ. Тэдний энэ шийдвэрт агаарын бохирдол ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

Баримт 5:Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 62.1 хувь нь утаанаас болж маш их бухимдаж, ирээдүйд төрөх хүүхдэдээ санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Баримт 6:Жирэмслэлт нь амжилтгүй болсон эмэгтэйчүүдийн 60 хувь нь жирэмслэлтээ урьдаас төлөвлөсөн ч хүүхдээ төрүүлж чадаагүй байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 40 хувь нь анх удаа жирэмсэлсэн эмэгтэйчүүд байжээ.

Баримт 7:Өнгөрсөн өвөл судалгаанд хамрагдсан бүх ээжүүдийн хүүхэд өвдсөн ба хамгийн багадаа 1 удаа хамгийн ихдээ 5 удаа өвдсөн байна. Эдгээр ээжүүдийн 45 хувь нь хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Баримт 8:Жирэмсэн эмэгтэйчүүдийн 44 хувь жирэмслэлтээ урьдаас төлөвлөсөн ба ингэхдээ утаа багатай үедээ хүүхдээ тээх эсхүл хүүхэд төрсний дараа утаагүй байх үеийг тооцоолсон байна.

Баримт 9:Шинэ төрсөн хүүхдүүдийн 90 хувьд нь нярайн шарлалт, хүчилтөрөгчийн дутмагшил, арьсны харшил зэрэг хүндрэлүүд үүсчээ.

 Ийнхүү судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд агаарын бохирдол тэдний нөхөн үржихүйн болон хөгжих эрхийг зөрчиж байна гэж үзсэн байна. Урин дулааны цаг ирж утаа багасч байгаа ч удалгүй өвөл ирж асуудал дахин хөндөгдөнө. Тиймээс бид энэ асуудлыг мартах учиргүй юм.

Б.Хулан