“Монголын зэс корпораци” ХХК Арбитрт хандахаар зөвлөгөө авч байна

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49% төрд авах 2 дахь шийдвэрээ гаргасны дараа Монголын зэс корпораци олон улсын арбитрт хандах болно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тус компани гаднын хуулийн байгууллагаас арбитрт хандах асуудлаар зөвлөгөө авч эхэлсэн байна.

Олон улсын арбитрт хандахад тодорхой нөхцөл шаардлагуудыг хангах ёстой. Тухайлбал нэхэмжлэл гаргагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргана. Түүнийг нь шалгаж үзээд маргаан үүсгэх эсэхээ шийднэ. Улмаар нэхэмжлэгч тал арбитрын зардлаа урьдчилан төлснөөр маргаан үүсгэх эрх нь нээгддэг байна. Энэ мэтчилэн процесс явахад доод тал нь 6 сар дээд тал нь 1,2 жил зарцуулагддаг байна.

Монголын зэс корпораци засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс эрдэнэт үйлдвэрийн 49% -ийг төрийн өмчид авахдаа хууль зөрчсөн гэж үзсэн. Харин засгийн газар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй үйлдвэрийг төрийн мэдэлд авах шийдвэрээ дахин баталгаажуулсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ээс УИХ-ын 23 дугаар тогтоол ҮХ зөрчөөгүй гэж үзсэн. Тэгвэл ОУ-ын арбитрт Монголын зэс корпорацийн нэхэмжлэлээр маргаан үүсгэж аль нэг тал нь ялагдлаа гэж бодоход түүнийг үл зөвшөөрч биелүүлэхгүй байх боломжгүй юм байна. Учир нь Монгол Улс 1995 онд Гадаадын Арбитрын Шийдвэрийг Хүлээн Зөвшөөрч Биелүүлэх тухай Нью Йоркийн Конвенцод нэгдэн орсон юм байна. Хэрэв Монголын зэс арбитрт хандах нь тодорхой болж маргаан үүсвэл Монгол улсын засгийн газар 2 дахь удаа Эрдэнэтийн асуудлаар олон улсын шүүхэд дуудагдана гэсэн үг.

Ч.Дэлгэрцэцэг